Шууд Chart

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

2018-11-16 09:42:03

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы Пүрэв гарагийн (2018.11.15) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн эдгээр хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар танилцуулсан юм.

Улсын Их Хурал 1995 онд Харилцаа холбооны тухай хуулийг анх баталж, 2001 онд Харилцаа холбооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан мөрдүүлсэн нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ хугацаанд уг хуульд нийтдээ 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Хуулийг дагаж мөрдсөнөөс хойших 18 жилийн хугацаанд техник, технологид зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд гарч, Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамарсан тоон дамжуулах сүлжээ, суурин болон үүрэн холбооны сүлжээ, олон суваг дамжуулах сансрын хиймэл дагуулын сүлжээг байгуулсан. Эдгээр сүлжээг ашиглан яриа, интернэт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг орон даяар хүргэж байна. Үүний үр дүнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн бүх салбар, иргэдийн амьдралд мэдээлэл, харилцаа холбооны салбарын дэвшилтэт технологи, үйлчилгээ, хэрэглээ нэвтэрч, өдөр тутмын хэрэгцээ, шаардлага, үйл ажиллагааных нь салшгүй хэсэг болсон төдийгүй харилцаа холбоо, мэдээллийн технологи нь тоон эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүчин зүйл болж байна гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Гэвч одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд өнөөгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын харилцааг зохицуулахад багагүй бэрхшээл хүндрэл үүсэж байна. Тухайлбал, харилцаа холбооны салбарын хурдацтай хөгжил, зах зээл, өрсөлдөөний орчны өөрчлөлт, шинэчлэлтийн чиг хандпагад нийцүүлэн салбарын бодлого, зохицуулалтыг оновчтой болгож, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүргийг тодорхой болгож, зааглах шаардлагатай байна. Мөн 3ахиргааны ерөнхий хуулийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор харилцаа холбооны салбарын хэм хэмжээ тогтоосон актыг батлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих байгууллагуудыг тодорхой болгох шаардлага бий болсон. Харилцаа холбооны зохицуулах хорооноос батлан мөрдүүлж байсан 70 гаруй захиргааны актаас хуулиар тусгайлан эрх олгоогүйн улмаас 50 гаруй нь нийтээр дагаж мөрдөх боломжгүй болж, тус салбарт техникийн зохицуулалт хийхэд хүндрэл үүсээд байгааг дурдлаа. Түүнчлэн техник, технологийн хурдацтай хөгжил, дэвшил нь эргээд техник, технологи хоорондын нэгдэн нийлэлтийг бий болгож байгаа бөгөөд энэ нь нийгэм, эдийн засгийн салбар, бизнест төдийгүй хэрэглээний түвшинд, цаашлаад өрсөлдөөний зохицуулалтад шинэ чиг хандлагыг бий болгож байгаа, салбаруудын холбоо, мэдээллийн технологи, үйлчилгээ нь харилцан уялдаагүй, нэгдсэн бодлогогүй, асар их хэмжээний хөрөнгө оруулалт давхардаж байгаа зэргээс үүдэлтэйгээр энэ салбарт хууль эрх зүйн шинэ зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч буйг онцоллоо.

Хуулийн төсөл нь 7 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд төрийн бодлого, зохицуулалтын чиг үүргийн ялгаа, заагийг илүү тодорхой болгох, салбарын үр ашигтай, шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого, зохицуулалтыг хөгжлийн шинэ шатны зорилго, зорилтуудад нийцүүлэн сайжруулах, салбар бүрд мэдээлэл, харилцаа холбооны хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа үед төрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, зохицуулалт, уялдааг хангах, цахим засаг ба үйлчилгээний удирдлага, тогтолцооны хуулийн зохицуулалт, тоон эдийн засгийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг зохицуулахаар тусгаснаа танилцуулсан юм. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Мөн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авч байр сууриа илэрхийлэв. Засгийн газрын гишүүн Г.Занданшатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлчилгээ эрхлэгчдийн удирдлага, салбарын эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагуудын 100 гаруй төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Харилцаа холбооны салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд тус тус танилцуулсан бөгөөд эдгээр хэлэлцүүлэгт оролцогчдоос хуулийн төсөлтэй холбоотой 97 санал ирүүлснийг судлан үзэж төсөлд тусгасны дараа хуулийн төслийн талаар яам, агентлаг, мэргэжлийн байгууллагуудаас санал авахад 17 яам, агентлаг, 3 аж ахуйн нэгж, байгууллага санал ирүүлснийг судлан үзэж хуулийн төсөлд тусгасан гэдгийг хэлж байв.

Харин хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Л.Болд улс орны хөгжилд маш чухал ач холбогдолтой энэ хуулийн төсөлд салбарын том бодлогыг цаг үетэйгээ нийцүүлж тусгах өгөх шаардлагатай байсан, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хуулийн төслийг нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд боловсруулсан учраас тулгамдсан болон бусад чухал асуудлыг ярилцаж шийдэх боломж хаагдчихаад байна. Уг нь шинэчилсэн найруулгаар оруулж ирэх нь зүйтэй байсан юм. Иргэд хүссэн мэдээллээ орон зай, цаг хугацаанаас үл хамааран олж авч чаддаг болсон, төрийн мэдээллийг хүссэн иргэд, байгууллага цахимаар шуурхай авч чаддаг тийм боломж бүрдэж байна. Тиймээс хэлэлцүүлгийн явцад асуудлыг олон талаас нь харж нухацтай ярилцаж шийдэх боломж олгох шаардлагатай байна гэсэн байр сууриа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан аливаа улс орны өрсөлдөх чадварын индекс нь бүх салбарт мэдээлэл технологийн дэвшил хэр нөлөөлж буйгаар үнэлдэг дэлхийн жишиг бий. Манай улсад энэ салбар сайн хөгжиж байгаа, үүний гол шалтгаан нь төрийн оролцоо бага байсантай холбоотой. Гэтэл хуулийн төсөлд төрийн зохицуулалтыг нэмсэн заалт олон байна, үүнийг хэлэлцүүлгийн дараагийн шатанд анхаарах нь чухал байна гэлээ.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.7 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.


Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй