
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы энэ сарын 15-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэа эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Засгийн газрын гишүүн Г.Занданшатар хуулийн төслийн талаарх илтгэлдээ, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагыг тандан судлах судалгаа болон хуулийн төслийн үзэл баримтлалыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг боловсруулсан. Уг ажлын хэсгийн хүрээнд 3 судалгааны хэсэг ажиллаж, холбогдох төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй байгууллагаас судалгаа авч, 77 улсын Радио долгионы тухай хууль тогтоомжийг судалсан.
Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалд заасны дагуу радио долгионы салбарын хэмжээнд дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актыг батлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих байгууллагыг тодорхой болгох, радио долгионы хуваарилалт, ашиглалт, тусгай зөвшөөрөлтэй холбоотой дүрэм, журам, зохицуулалтын баримт бичгүүдийг батлах бүрэн эрхийг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрхэд хамааруулах, Радио долгионы хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, түүнд хяналт тавих, давтамжийн хязгаарлагдмал нөөц баялгийг үр ашигтай ашиглах, радио давтамжийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийг хийх, төрийн шинэлэг, бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан иргэдийн эрэлт, хэрэгцээг хангасан шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээг нэвтрүүлэх, дэмжих эрх зүйн орчныг бий болгох зорилгоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Түүнчлэн 2001 оноос хойш шинээр батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиудын өөрчлөлттэй холбоотойгоор Радио долгионы тухай хуульд өөрчлөлт оруулаагүй байсан тул Харилцаа холбооны тухай хууль болон бусад хуультай нийцүүлэн эшлэл, заалтуудыг өөрчлөх, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын конвенци болон Дэлхийн радио холбооны дүрмийн нэр томьёонд нийцүүлэн хуулийн зарим нэр томьёог өөрчлөх шаардлага үүсээд байсан юм гэдгийг онцоллоо.
Мөн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нэгдсэн хуралдаанд танилцуулав. Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан завсарлалаа.
Нийтдээ 7 зүйлтэй уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Зарим хуульд нэмэлт, оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ | ||
Үзсэн: 1046 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.