Арваннэгдүгээр сарын 15-ны өдөр БНФУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Филипп Мерлин шинээр томилогдлоо. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсан бөгөөд түүнийг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төрийн ордноо хүлээн авч уулзсан юм.

Манай хоёр улсын тухайд 1965 онд дипломат харилцаагаа тогтоосон бөгөөд 1966 оноос Франц Улсын элчин сайд Монгол Улсад суухаар томилогдож байсан байна.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хэлсэн үгэндээ: Монгол Улс Гадаад бодлогын үзэл баримтлалдаа гуравдагч хөршийн бодлогыг тусгасан бөгөөд бид бүхэн БНФУ-ыг Монгол Улсын гуравдагч хөрш орнуудын нэг гэж үздэг. Монгол-Франц улсын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт хурдацтай хөгжиж, түүний дотор 2 орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа тэмдэглэсэн юм.
Монгол Улс, БНФУ-ын Батлан хамгаалах салбарын өргөн харилцаа нэг илрэл нь Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж, төрөл бүрийн хэлбэрийн тусламж дэмжлэг үзүүлэн, манай цэргийн алба хаагчдыг Франц улсын Цэргийн сургуулиудад сургаж бэлтгэж байгаад талархаж байгаагаа Н.Энхболд сайд энэ үеэр онцлон хэлсэн юм. 2018-2019 оны хичээлийн жилд Франц Улсын Дайны коллеж болон цэргийн мэргэжлийн сургалтанд манай улсын цэргийн алба хаагчдыг сургахаар болсон байна.
Монгол Улс НҮБ-д болон НАТО-гийн тэргүүлсэн энхийг дэмжих ажиллагаанд оролцсоор ирснийг хоёр тал дурдаад, цаашид Монгол Улсад зохион байгуулагддаг энхийг дэмжих ажиллагааны олон улсын хээрийн сургуульд Франц улсын Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх, аюулгүй байдал, холбоо, мэдээ, мэдээллийн талаар хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нь нэмэгдүүлэх зэрэг чиглэлүүдээр харилцан ярилцлаа.
| БНФУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Филипп Мерлинийг хүлээн авч уулзав | ||
| Үзсэн: 1053 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.