Шууд Chart

Ш.Алтантуул: Бүтээгдхүүнээ халуун, шинээр нь хэрэглэгчиддээ хүргэхийг эрмэлздэг...

2014-01-21 13:17:20

Монголын ард түмний үндэсний томоохон баяруудын нэг болох Монголын Цагаан Сар  буюу Монголчууд бидний ярьж заншсанаар Сар Шинэ ойртож байна. Сар Шинийн баяраар монголчууд бид үндэсний хувцас тэргүүтнээрээ гоёж, идээ цагааныхаа дээжээр таваг засаж, үр хүүхэд, ач зээ, ах дүү төрөл төрөгсөд, элгэн саднаараа цуглан өнгөрсөн жилийнхээ өнгө зүс, мал сүргийнхээ тарга тэвээрэг, намаржаа, өвөлжөө болон удахгүй ирэх хаварын улиралын талаар билэгтэй сайхан үгээр хүүрнэн ярилцдаг нэгэн ёсны ургийн гэж хэлж болохоор томоохон баярын нэг билээ. Энэхүү баярыг угтан Монгол улсын үндэсний үйлдвэрлэгчдийн нэг болох КОКОДЕСЕРТ ХХК-ний захирал Шагдарсүрэнгийн Алтантуултай уулзаж ярилцсанаа уншигч олон та бүхэндээ толилуулж байгааг хүлээн авна уу. Тус компанийн хамт олон Сар шинийн гол идээ, умдааны нэг болох “Аварга” хэвийн боовыг үйлдвэрлэдэг юм. 
 
-Юуны өмнө танд удахгүй болох Сар Шинийн баярын мэнд хүргэе.
-Баярлалаа танай хамт олонд мөн баярын мэнд хүргэж ирэх жилдээ элгээрээ энх, төрлөөрөө түвшин амгалан байх өлзийт ерөөлийг дэвшүүлье. Эд хөрөнгө гэхээсээ илүү элдэв санаа зовох зүйлгүй  амар түвшин байх гэдэг энэ ертөнцийн хамгийн сайхан жаргал юмуудаа.

-Танай компани манай улсын хувийн хэвшлийн томоохон үйлдвэрлэгч нарын нэг. Компанийхаа түүхээс товч дурдвал?
-Манай компани 1998 онд найман ажилтантай анх байгуулагдаж байлаа. Одоо бол 80 орчим ажилтан албан хаагчтай 15 дахь жилдээ үйл ажиллагаа тогтмол явуулж байна. Зах зээлийн шилжилтийн үед байгуулагдан, хүүхэдтэй зүйрлэвэл мөлхөж, унаж босож, инээж баярлаж, заримдаа гуниж гутарч амьдралын болон бизнесийн жам ёсоор л 15 жилийг өнгөрүүлээд байна. 
 
-Танай компаний бусдаас ялгарах онцлог юу вэ. Ижил төрлийн бизнес эрхлэгч олон байна. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний тухай тодорхойлж хэлбэл?
-Бүтээгдэхүүн буюу юу үйлдвэрлэх гэхээсээ илүү үйлдвэрлэлийн жигд үйл ажиллагаа гэдэг юу юунаас чухал. Бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, харилцагч нийлүүлэгч нарын итгэл үнэмшил, хүний нөөцийн баталгаат байдал, эцэст нь бизнесийн үр дүн ер нь их зүйл энэ үгнээс их хамаарна шүү.
 
Тиймээс бид үйлдвэрлэлээ, бизнесээ томруулах гэхээсээ илүү тогтвортой үйл ажиллагааг илүүд үздэг. Манай үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээний хувьд гэвэл чамгүй их. Бид байнга л шинийг эрэлхийлж аль болох хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хичээдэг болохоор байнга л шинэ бүтээгдэхүүн туршина, үйлдвэрлэлд нэвтрүүлнэ, өөрөөр хэлбэл зах зээлийнхээ хэрэгцээ шаардлагаар байнга л шинэчлэгдэж байх шаардлагатай байдаг л даа. Өнгөрсөн хугацаанд туршиж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бүтээгдэхүүнүүд гэвэл бидний социализмын үед хэрэглэж заншсан бүтээгдэхүүнүүдээс эхлээд шинээр туршиж гаргасан гээд тоолвол хэдэн зуу хол давах байх даа. Энэ бүхэнд манай компаний ажилчдын маань хөдөлмөр хүч шингэж өөрийн гэсэн чанар, амт, үнэр, имиджийг бүрдүүлдэг гэх үү дээ.
 
Одоогоор бид өөрийн нэрийн барааны 12 салбараар дамжуулан бүтээгдэхүүнээ хэрэглэгчиддээ хүргэхээс гадна Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа ЕБС-ийн үдийн цай хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийг хүртэл УБ хотын 60 орчим сургуульд гэрээгээр бүтээгдэхүүн нийлүүлж байна. Мөн сар шинийн баяраа угтаж манай компаний нэг брэнд болох АВРАГА хэвийн боов, тавгийн еэвэн зэргийг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байна. 
 
-Та бизнесийн салбарт 15 жил ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бизнесийн орчин ямар байв. Өнөөгийн бизнесийн орчин ялангуяа одоогийн Засгийн газрын явуулж байгаа бодлогын талаар таны бодол?
-За даа ганц би гэлтгүй манай үйлдвэрлэгч нар ч нэлээд хүнд үеийг туулж өнгөрүүлсэндээ. Цаашдаа ч багагүй хүндрэлүүдийг туулж гарах боловуу. Гэхдээ шилжилтийн үеийнх шиг хүнд байхгүй гэж хэлж болох ч ирээдүйг таахад бэрх шүү дээ. Магадгүй маш таатай сайхан, магадгүй маш муу ч болж болох. Бизнесийн орчин цаашид ямар байхад манай улс төрчид их чухал үүрэг гүйцэтгэх байх даа. Мэдээж, бидний оруулах хувь нэмэр, үүрэг роль байх нь ойлгомжтой.
Миний бодлоор өнөөдрийн өнцөгөөс дүгнэлт хийхэд цаашдаа бизнесийн орчин сайжрах болов уу гэж харж байгаа. Засгийн газар ч энэ талаар багагүй ажлуудыг хийж байна. Хамгийн чухал нь гүйцэтгэх шатандаа л битгий баларчихаасай гэж бодох юм.
 
Надад тохиолдож байсан зүйлээс жишээ авахад би нэг байгууллагатай хамтарч ажиллахаар тохиролцон, хамтран ажиллагч байгууллагын удирдлагууд маш сайхан ирээдүйг харж, гэрээ байгуулж төлөвлөлт хийдэг. Тэгээд гүйцэтгэх шатандаа хоёр байгууллагын аль нэг гүйцэтгэх ажилтны хариуцлагагүй байдал, тэдний хоорондох харилцааны доголдол, буруу ойлголцлоос үүдэж нөгөө хоёр захиралын төлөвлөсөн ажил нурах жишээтэй. Иймэрхүү байдал миний амьдралд багагүй тохиолдож байлаа. Үүн шиг л засгийн газар мянган сайхан зүйл яриад, хийгээд гүйцэтгэх шатандаа хариуцлагагүй байвал ямар ч сайн үр дүн гарахгүй шүү дээ. Харин ч эсрэгээрээ татвар төлөгч бидний хуримтлуулсан маш их хөрөнгө үрэн таран болдог.Иймээс засгийн газар дунд шатны гүйцэтгэх албан хаагчдынхаа үйл ажиллагаанд илүү их анхаарах хэрэгтэй болов уу.
 
-Өнөө үед хүнсний аюулгүй байдал маш чухлаар тавигдаж байгаа. Энэ талаар танай компаний зүгээс авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар ярихгүй юу?
-Мэдээж хэрэг маш чухал байлгүй яахав. Энэ нь өргөн утгаараа улс орны аюулгүй байдалтай ч холбогддог. Өнгөрсөнд ч гэлтгүй одоо ч бидэнд техник технологийн хоцрогдол байсаар байна. Дээрээс нь хүний нөөцийн асуудал мөн стандарт хангасан ажлын байртай болно гэдэг маш хүнд. Яагаад үүнийг дурдаж байна гэхээр энэ бүхэн нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд шууд нөлөөлөх хүчин зүйлүүд болдог. Мэдээж хэрэг зовлон тоочоод л суувал ямар ч үр дүн гарахгүй нь ойлгомжтой шүү дээ. Бидний хувьд ялангуяа ЕБС-ийн сурагчдад хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг гэдэг утгаараа илүү их хариуцлагатай ажиллах шаардлага зүй ёсоор тавигддаг. Манай хамт олон түүнийгээ ч ухамсарлаж ажилладаг. Энэ чиглэлийн хэд хэдэн байгууллагуудтай хамтран ажиллахын хамт ажилчдаа байнга сургалтанд хамруулж мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлж байхыг хичээдэгдээ.
 
Байгууллага бүр дотоод хяналтаа өндөр түвшинд байлгах талаар төрөөс хуульчилж өгсөн байгаа. Заавал хуулийг биелүүлнэ, дагана гэхгүйгээр хүнсний салбарт ажиллаж байгаа хэн бүхэн үүнийг өөрсдөө санаачлан хийх хэрэгжүүлэх цаг нь болчихсон. Өнөөдрийн нийгмийн шаардлага ч мөн тийм байгаа. 
Бидний хувьд 2012 онд өөрийн иж бүрэн лабораторийг ашиглалтанд оруулсан байгаа. Мөн өнгөрсөн 2013 онд орчин үеийн шаардлага хангасан ажлын байртай болох эхлэлээ тавьж үйлдвэрийнхээ барилгын ажлын суурийг эхлүүлээд байгаа. 2015 оны хавар гэхэд бид шинэ байрандаа орсон байх болно гэж итгэж байгаа.
 
-Та компанийхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
-Сайхнаар л төсөөлж байна. Гэхдээ ирээдүйг төсөөлөхөөс өөр аргагүй ш дээ. Миний хувьд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ аль болох шинээр болж өгвөл бүр дөнгөж боловсруулалтаас гарсан халуун шинэхэнээр нь хэрэглэгчиддээ хүргэхийг маш их эрхэмлэдэг. Тийм болохоор Starbuck ч юмуу  Mcdonald's шиг 20 салбартай болно гэж л сэтгэл дотроо төсөөлж түүнийхээ төлөө ажиллаж байна даа.
 
-Таны гэр бүлийн тухай сонирхвол болох уу? Таны ар тал нэлээд баталгаатай байдаг байх даа?
-Би нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр маань тоног төхөөрөмжийн инженер хүн. Техникт их дуртай, үйлдвэрийнхээ бүх тоног төхөөрмжийг А, Б-гүй мэднэ. Ер нь бол тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, аж ахуйн бүхий л асуудлыг зохицуулдаг даа. 
Том хүү охин хоёр Канадын Монтреал хотод сурч, амьдарч байгаа. Том хүү маань бизнесийн удирдлагаар сурч, охин маань ахлах сургуулийн гуравдугаар ангид сурч байгаа, манайхаар бол 10 анги гэсэн үг. Бага хүү маань ой дөрвөн сартай. Одоо бид бага хүүгийн хамт Улаанбаатар хотдоо амьдарч байна.
 
Ярилцсан Н.Сэргэлэн

 


Ш.Алтантуул: Бүтээгдхүүнээ халуун, шинээр нь хэрэглэгчиддээ хүргэхийг эрмэлздэг...  
Үзсэн: 1285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.55.182.xxx [202.55.182.xxx] 2014-01-21 13:39
mundag daichin busgui bnaaa

Бидэнтэй нэгдээрэй