БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг Бүгд Найрамдах Польш улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, бригадын генерал Мирослав Калужинскийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг “Манай хоёр орон найрсаг харилцаатай орнууд бөгөөд хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг 2003 оноос Ирак улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож, Польш Улсын цэргийн командлалын удирдлагад үүрэг гүйцэтгэх болсноор өндөр хэмжээний айлчлалуудыг харилцан солилцох, цэргийн алба хаагчдыг сургах зэрэг хэлбэрээр эрчимжин хөгжиж байгаа” гэдгийг дурдлаа.
Түүнчлэн 2013 оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНПУ-д хийсэн айлчлалын үеэр Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж бүрдсэн. Мөн 2013 оны 10 дугаар сард БНПУ-ын Батлан хамгаалахын сайд ноён Роберт Купецкигийн манай улсад хийсэн албан ёсны айлчлал, 2015 онд Варшав хотноо зохион байгуулагдсан Батлан хамгаалах яамд хоорондын анхдугаар Зөвлөлдөх уулзалтаар бид хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлсон гэдгийг тэрбээр уулзалтын үеэр цохон тэмдэглэсэн юм.
Цаашид дээд, дунд шатны харилцан айлчлал хийж, тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах, 2019 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд ойрын жилүүдэд зохион байгуулагдаагүй хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, Польш улсын цэргийн бүх шатны сургуулиудад цэргийн алба хаагчдаа үргэлжлүүлэн сургах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
| Бригадын генерал Мирослав Калужинсктай уулзлаа | ||
| Үзсэн: 567 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.