
Улиран өнгөрч буй 2018 онд Монголын улс төрд болсон онцлох арван үйл явдлыг нэрлэж байна.
ЖДҮХС
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зарим улстөрч болон төрийн өндөр албан тушаалтан хувийн болон хамаарал бүхий этгээдийнхээ компаниудад зээл авсан мэдээлэл ил болсон. Тухайлбал, УИХ-ын 14 гишүүн, түүний дотор Засгийн газрын хоёр сайд болон төр захиргааны бусад байгууллагын удирдлага ЖДҮХС-гаас авсан зээлийн талаарх мэдээлэл олон нийтэд хүрсэн. Үүнтэй холбоотой Засгийн газрыг огцруулах хэмжээний үйл явц өрнөж, мөн нэг сайд огцорч, нэг сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байдаг. Түүнчлэн хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтан огцорсон.
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах санал гаргав
УИХ-ын нэр бүхий 27 гишүүн долоон үндэслэлээр Засгийн газрыг огцруулах саналаа УИХ-ын дарга М.Энхболдод өнгөрсөн арваннэгдүгээр сарын 19-нд өргөн барьсан. Энэ асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхэд санал хураалтад 73 гишүүн оролцож, 40 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй. Ингэснээр хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувийн саналаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдсэн.
60 тэрбум
60 тэрбум төгрөгөөр төрийн албыг арилжсан гэх хэрэг сүүлийн хоёр жил яригдсан. Ялангуяа 2016, 2017 оны сонгуулийн өмнө эрчээ авч байсан юм. Тэгвэл эл асуудал өнгөрч буй онд шийдэгдэх бүү хэл улам эрчээ авсан. Түүнчлэн нэр бүхий гишүүд эл хэрэгт буруутай хэмээн УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа өгөхийг шаардсан юм. Харин УИХ-ын дарга М.Энхболдын улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг 60 тэрбумын гэх хэргийн талаар “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хуулийн байгууллагууд уг асуудлыг өргөн хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулан удаа дараа шалгаад, Нийслэлийн прокуророос гэмт хэрэг биш гэсэн дүгнэлтийг албан ёсоор гаргасан” хэмээн тайлбар өгсөн юм.
АН-ын бүлэг задрав
Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөж, Л.Болд, Д.Мурат нарыг сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг дөрвөн жил хассан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Л.Болд гишүүн “Би АН-ын бүлгээс гарна. Би өнөөдөр АН-ын бүлгийг тарааж байна” гэсэн юм.
УИХ-д суудалтай албан бүлэг байгуулахын тулд хамгийн багадаа найман гишүүнтэй байх ёстой. АН Ж.Батзандан гишүүнийг хассанаар УИХ-д суудалтай найман гишүүнтэй болсон юм.
Экс Ерөнхий сайдуудыг хорив
Нэгэн цагт Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж, Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж явсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас нэг өдөр дуудаж, байцаалт авсан байдаг. Мөн тэднийг хэдхэн цагийн зөрүүтэй цагдан хорьсон юм. Тэднийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас яллагдагчаар татаж, шүүхийн шийдвэрээр цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Хуулийн хүрээнд 30 хоног таслан сэргийлж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн ч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс дахин 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэрийг гаргасан юм. Дараагаар нь С.Баяр, Ч.Сайханбилэг нарын биеийн байдал муудаж, Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хүргэгдсэн билээ.
Нийслэлийн МАН-ын даргын сонгууль
Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурал өнгөрсөн есдүгээр сард хуралдаж шинэ даргаа сонгосон. МАН-ын Удирдах зөвлөлөөс Нийслэлийн МАН-ын хорооны даргад Нийслэлийн засаг дарга С.Батболдыг дэвшүүлэхээр нэрийг нь оруулсан. Харин заалнаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлсэн.
Санал хураалтад нийт 349 төлөөлөгч оролцсоноос С.Батболд 164 Д.Сумъяабазар 167 санал авсан. Ингэснээр Д.Сумъяабазар 50.4 хувиар ялалт байгуулж, Нийслэлийн МАН-ын хороог удирдах, цаашлаад 2020 оны УИХ-ын сонгуульд нийслэлийг удирдаж орохоор болсон.
Нийслэлийн Засаг дарга ажлаа өгөв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд албан тушаалаасаа огцрох өргөдлөө өнгөрсөн сард гаргасан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналаар түүнийг огцруулах асуудлыг НИТХ-аар хэлэлцэх үед АН-ын бүлэг завсарлага авч долоо хоног хойшлуулаад байсан ч хотын дарга өөрөө албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн.
УИХ-ын хамгийн залуу гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэв
УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга хаврын ээлжит чуулганы нээлтийн дараа парламентын гишүүнийхээ бүрэн эрхээс өөрийн хүсэлтээр татгалзах өргөдлөө өгч, хуулийн байгууллагад шалгуулахаар болсон.
Тэрбээр 2016 оны зургаадугаар сараас хүчингийн гэмт хэрэгт нэр холбогдсон байдаг. Ийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Тодруулбал, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь Д.Гантулгын өргөдлийг хүлээн авч, гишүүнээс чөлөөлөхийг дэмжсэн юм.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн Д.Мурат садар самууны хэрэгт нэр холбогдсон гэх мэдээлэл энэ онд тарсан. Тодруулбал, түүнийг Баян-Өлгий аймгийн төрийн албанд ажилладаг нэгэн эмэгтэйд дотно харилцаанд орох санал тавьж, татгалзахад нь ёс бус үгээр доромжилж, өөрийн нүцгэн зургийг цахим сүлжээгээр явуулсан хэмээн хохирогч бүсгүй мэдээлээд байсан юм. Тэгвэл Д.Муратын эсрэг өргөдөл гаргаад байсан Б.Бахытгүл хэмээх эмэгтэй гомдолгүй хэмээн цагдаад гаргасан өргөдлөө буцаан татсан тухай Ардчилсан намын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байдаг.
ЗТХЯ-ны газрын дарга ажлын байрныхаа гадаа амиа алдав
Зам, тээврийн хөгжлийн яамны байранд энэ оны наймдугаар сарын 9-ний 21:00 цагийн үед хүн амины хэрэг гарсан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газар үзлэг шалгалт хийж ажиллахад ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-ийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байдаг.
Стандарт банкны хэрэг
“Жаст” компанийн захирал асан Ш.Батхүү "Эрдэнэт Үйлдвэр"-ээс баталгаа гаргуулан Өмнөд Африкийн Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан хэрэг энэ онд ахин дуулиан дэгдээсэн. Албан эх сурвалжуудын мэдээлснээр “Жаст групп” ХХК 2009-2010 онд Өмнөд Африкийн Стандарт банкнаас нийт 109.000.000 ам.долларын зээл авсан байдаг.
Улс төрийн онцлох 10 үйл явдал | ||
Үзсэн: 1099 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.