Шууд Chart

Ц.Хосбаяр: Эхнэртээ булган шуба авах гэж байсан мөнгөөрөө тамирчдынхаа буцах зардлыг хийгээд ирж байлаа

2019-01-16 09:49:36

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаярынд зочиллоо. Гэрийнх нь хаягыг утсаар лавлахад хэзээний нийтэч зантай тэрбээр яг л хуучны андыгаа урьж буй адил уриалгахан зааж өгсөн.

Үүдийг нь тогшиход гэр бүлийнх нь хүн хаалга онгойлгов. Мэнд мэдэж, хүндтэй айлын босгоор алхахад Хосоо багш зочныхоо өрөөний буйдан дээрээс бага зэрэг өндийсхийн харснаа “Сайтын залуу юу. За наашаа суу. Би бэлтгэлээсээ дөнгөж сая ирлээ. Өнөөдөр арай эрт тарахад чи ирлээ шүү” хэмээн олзуурхана.

Энэ хооронд эхнэр нь мөнгөн аяганд цай мэлтэлзүүлэн хийж барив. Мөн тавгийн чихэр өмнө тавьсныхаа дараа “Хөгшин нь одоохон бууз жигнээдэхье” гээд галын өрөө рүүгээ орлоо. Тэднийх хоёр хүү, нэг охинтой ч тус тусынхаа ажлыг хийж байгаа бололтой өөр өөрийнхөө өрөөнд сууна.

Бидний яриа сүүлийн үеийн сонин хачин, тэмцээний талаар өрнөсөн юм.

Түүнийг бөх сонирхогчид Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон, С.Цэрэнчимэд нарын зэрэг шилдэг тамирчдын багш гэдгийг андахгүй. Тэр ч бүү хэл С.Цэрэнчимэдтэй нэг өдөр гавьяатын тэмдгээр энгэрээ гоёсон ховорхон тавилантай эрхэм.

Хосоо багш “Шавьтайгаа нэг өдөр гавьяат цол хүртэнэ гэдэг маш ховор тохиолдол, хүнд байж болох хамгийн дээд аз байх. Тухайн үед би хамгийн түрүүнд бурханы орон руу одсон аав, ээж, дүү нараа бодсон. Миний төрсөн дүү Энхбаяр, Тэгшбаяр нар маань амжилттай барилддаг байлаа. Хөгшид маань биднийг ямархуу байхад өдий зэрэгт хүргэсэн билээ. Энэ бүхэн бодогдсон шүү” гэж хэлэхдээ хоолой нь зангирч, нулимс нь цийлэгнэх шиг болоод намжсан.

Энэ тухай лавшруулж асуусан бол мөнгөн дусалт нулимс нь бөнжигнөөд гараад ирэх байсан болов уу. Гэхдээ хайртай хүүгээ, ахыгаа энэ зэрэгт хүрч, дэлхийд алдартай тамирчин бэлтгэснийхээ хүчинд төрийн хүндэт цолоор шагнуулахад аав, ээж, дүү нар нь тэнгэрийн орноос хараад баярласан нь мэдээж. Ийм юм бодох үест тэрбээр яриагаа надаар хэлүүлэлтгүй үргэлжлүүлж, “2013 оны өвөл дүүгийнхээ шавь Г.Мандахнаранг гавьяат тамирчин болоход би Төрийн ордны гадна дэрчийтлээ даарсан хэрнээ хүлээж байгаад баяр хүргэж үнссэн. Гэтэл дараа оных нь сүүлээр өөрийнхөө шавьтай тэр ордонд орж, адилхан цол хүртэхэд тэс өөр мэдрэмж төрсөн” гээд инээмсэглэсэн.

Энэ хооронд гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийн тухай ярьмаар санагдлаа. 19 настай бүсгүй дэлхийн аварга болсон нь ховор тохиолдол болохоор “Шавиа ийм сайхан амжилт үзүүлнэ гэж бодож байсан уу” гэхэд “Манай Чимэдээ багын дайчин, хурдтай, гоё гоё барилдаан үзүүлдэг байсан. Та нар санаж байгаа бол Асашёорюү Д.Дагвадорж аварга Японы чөлөөт бөхийн сургуульд сургахаас өмнө, насанд хүрэгчдийн УАШТ-д гавьяат тамирчин Т.Мөнхтуяагийн хөлд орж, толгой дээрээ гаргаж ирээд хаяж байсан шүү дээ. Тэр үед Чимэдээ 17 настай байсан. Гэтэл зарим хүн “Цэрэнчимэд Япон явснаар давхар хамж хөл авдаг мэхтэй болсон” гээд байгаа. Энэ бол худлаа, өөрийнх нь унаган мэх. Гэхдээ энэ мэхээ дээрх улсад очоод улам төгөлдөржүүлсэн нь үнэн.

С.Цэрэнчимэд үнэхээр гайхалтай чадвартай, од нь гийсэн тамирчин. Ийм хүн дэлхийд эх орныхоо нэрийг, төрийнхөө дуулалтай эгшиглүүлэлгүй яах вэ. Өөрөө ч ийм амжилт үзүүлэхээ өмнөх жил нь мэдсэн байсан. “Бяртай байгаагаа мэдсэн бөх өрсөлдөгч бүхнээ дутуу үнэлэгддэг” гэдэг дээ. Үүнтэй адил тэр 2013 онд залуучуудын ДАШТ-д түрүүлснийхээ дараа өөрөө МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадоржийн өрөөнд орж “Би энэ жил насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцмоор байна” гэж хүртэл хэлсэн байгаа юм. Гэвч аварга “Нас чинь бага болохоор ямар ч боломжгүй” гэсэн хариулт сонсгоход нулимсаа арчаад бэлтгэлийнхээ заал руу явсан удаатай.

Хосоо багшаас нь энэ тухай лавлахад “Аваргын хэлсэн хариулт зөвхөн шалтаг байсан. Тэр жил түүнийг оролцож болох бүх гарцыг би бусад багшид хэлсэн. Тухайн жилийн ДАШТ-д Канадын, Чимэдээтэй нас чацуу тамирчин оролцсон шүү дээ. 18 нас хүрсэн хүүхэд эцэг, эхийн зөвшөөрөл, эмчийн магадлагаагаа аваад ирвэл оролцож болдог юм. Би өмнө нь олон тамирчин дагуулж, нэлээн хэдэн тэмцээнд оролцсон. Иймэрхүү зүйлийг болгоё гэвэл болгодог л байсан. Гэтэл тэд болох юмыг болгоогүйд миний уур их хүрсэн” гэдгээ бидэнд хэлсэн. Д.Дагвадорж аварга С.Цэрэнчимэдийг Японы чөлөөт бөхийн сургуульд сураад хагас жил болсныг хүмүүс мэднэ. Тэр үед Ц.Хосбаяр ирээдүйн алдартай шавиа алдах нь гэж сэтгэл зовсондоо явуулахгүй гэж нэлээн гүйсэн ч чадаагүй аж. Тэр хэлэхдээ “Д.Дагвадорж аварга надтай биечлэн уулзаж, Чимэдээг сургуульд явуулах гэж байгаагаа хэлээгүй. Тэмцээний үеэр шууд зарлачихсан. Хүмүүс гайхаад л өнгөрсөн. Гэтэл хэд хоногийн дараа “Алдар” спорт хорооны дарга, дархан аварга Г.Өсөхбаярын өрөөнд орж ярилцахдаа Чимэдээг “Явуулахаа больсон” гэхэд нь дотор уужирсан. Тэгтэл Д.Дагвадорж аварга түүнд “Явахаар болсон. Хувийн бэлтгэлээ хангаарай” гэж хэлээд хоёр хоногийн дараа аваад явсан. Би дасгалжуулдаг хүүхдүүдийнхээ занг мэднэ. Чимэдээ гэрийнхэндээ их эрх болохоор ганцаараа тэр хол газар удаан байж чадахгүй гэдгийг гадарлаж байсан. Гэхдээ тэнд байхдаа хэд хэдэн тэмцээнд оролцож, түрүүлсэн. Өндөр хөгжилтэй, чадварлаг тамирчидтай хамт бэлтгэл хийсэн нь өнөөдрийн энэ их амжилт гаргахад нэмэр болсон нь үнэн. Зургаан сар гэдэг асар богино ч хурдан суралцах чадвартай хүүхдэд хангалттай хугацаа. Тэр Японоос надтай өдөр бүр нэгээс хоёр цаг утсаар ярьдаг байсан. “G Mobile” нь үнэгүй ярьдаг болохоор бид хоёр утсаа цэнэглэж байгаад ёстой нэг улайстал ярина даа. “Багш аа би тийм тэмцээнд оролцсон. Одоо тэнд оролцоно. Өнөөдөр ийм мэх сурсан. Түүнтэй барилдсан” гээд л. Ийм үе нэлээн үргэлжилсний дараа манай холбооныхон “Чимэдээг гадаадад сурч байгаа юм чинь улсын шигшээ багаас хасна” гэсэн шийдвэр гаргах гээд байж байтал маргааш нь Чимэдээ утсаар “Багш аа би Монголд ирчихлээ. Ээжийн бие тааруу болохоор буцаж явахгүй” гэдэг байгаа.

Япон руу явна гэдгээ анх сонсоод хүүхэд л болсон хойно баярласан. Ирээдүйн нөхцөл байдлаа ойлгоогүй байсны хэрэг л дээ. Гэхдээ би түүнийг дээрх улс руу яваад ирсэнд нь баярладаг. Д.Дагвадорж аваргад ч талархдаг. Учир нь чөлөөт бөхийн спорт эрчимтэй хөгжсөн улсад, чадварлаг тамирчидтай нь хагас жил үнэ төлбөргүй бэлтгэл хийх том завшаан” гээд магтав.

Үүний дараа өөрийнх нь талаар ярилцхад “Би МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн чөлөөт бөхийн багш, дасгалжуулагчийн ангийг 1994 онд төгсч, дасгалжуулагчаар 1998 оноос ажиллахдаа 1000 гаруй шавь бэлдсэн. Надтай улсын гарьд П.Сүхбат агсан, улсын заан Ц.Баярсайхан, аймгийн арслан Ш.Мурат нарын зэрэг найман залуу төгссөн. Зарим нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бол бусад нь над шиг дасгалжуулагчаар ажиллахгүй юм. Би 1995 онд шигшээ багаас гарч, хоёр жил хэртэй болсны дараа хуучнаар “Солонго өргөө” буюу одоогийн “Монгени” сургуульд гурван жил ажилласан. Үүний дараа “Алдар” спорт хороонд очсон. Тухайн үед ардын багш, гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын аварга О.Балжинням дарга маань хурандаа цолтой байлаа. Намайг очиход орлогч дарга Т.Цог-Эрдэнэ “Чи энд ажиллахын тулд гашуун усыг орхиж чадна биз дээ. Чиний сархад хүртэхтэй хатуу тэмцэнэ шүү” гэсэн. Миний тамирчны замнал өндөрлөсөн үе тул хааяа балгадаг байсан минь үнэн л дээ. Би хариуд нь “Үгүй ээ” л гэсэн.

Ингээд О.Балжинням дарга ажилд ороход зөвшөөрч гарын үсэг зурж байлаа. Тэр цагаас хойш би тэднийхээ итгэлийг хөсөрдүүлээгүй. Миний анхны шавь спортын мастер Д.Уламбаяр гэдэг залуу бий. Одоо төрийн тусгай хамгаалалтын албанд ажилладаг. Энэ залууг би мартдаггүй юм. Намайг “Монгени”-д очиход хамгийн түрүүнд шавь орсон, мөн л хамгийн түрүүнд УАШТ-ээс медаль хүртсэн. Гэхдээ “Солонго өргөө”-д очихдоо би 30 гаруй шавьтай байсан шүү” гээд нүднийхээ галыг бадрааж, хуучлах нь идэр насандаа очсон юм шиг болов.

Тэрбээр өдгөө Ц.Цогтбаяр дүүтэйгээ хамт “Алдар” спорт, “Аваргууд” академид шавь нарынхаа амжилтыг бататгахаар хөдөлмөрлөж байсан. Төрсөн дүүтэйгээ адилхан мэргэжил сонгоод, хамтарч ажиллах ямар санагддаг вэ гэхэд “Хамаагүй сайн талтай. Тэгээд ч бидний санал огт зөрөлддөггүй. Хэн нэгнийгээ байхгүйд шавь нарынхаа бэлтгэлийг тасалдуулахгүй хийлгэнэ, байнга зөвлөлдөнө” гээд бахархах, баярхахыг зэрэгцүүлэв.

Түүнийг анхалж тамирчин бэлтгэхэд эмэгтэй тамирчдын баг байдаггүй байлаа. Тиймээс “Эмэгтэйчүүдтэй хамтарч ажиллахад ямар санагдав” гэхэд “Маш том шинжлэх ухаан юм билээ. Эрэгтэйчүүдийг болохгүй бол заримдаа суран бүсээр ороолгочихно. Харин эмэгтэйчүүдийг тэгж болохгүй болохоор оюун ухаантай нь харьцах хэрэгтэй болдог. Тиймээс бүр их торгон мэдрэмж шаардагдаж байгаа биз” гээд хариу хүлээх мэт харлаа. Тэгснээ бидний үгний үзүүрийг сонсов уу, үгүй “Эмэгтэйчүүдийн нэг авууштай чанар нь нэг медаль авбал эцсээ хүртэл тэмцдэг. Гэтэл эрэгтэйчүүд овоо гайгүй дөртэй болсны дараа томхон биетэй нь үндэсний бөх, зарим нь хөлбөмбөг, сагсан бөмбөг рүү урвачихдаг” гэв.

Зарим багш шавь нартаа “Олигтой амжилт үзүүлээгүй байж гэр бүлтэй болно гэж байхгүй шүү” хэмээн хатуу сануулдаг. Тиймээс Хосоо багшийг ч мөн адил бодолтой явдаг болов уу гэж бодсоны үндсэнд сонирхход “Өнөөгийн нийгэмд залуучуудын сэтгэлийн асуудлыг хорьж болохгүй шүү дээ. Тэд өөрсдийн ухамсраар амьдардаг. Гэхдээ би хааяа “Та нар сайхан амжилт үзүүлсэн ах, эгч нар шигээ болчихоод амьдрал зохиовол дээр шүү” гэж сануулдаг.

Манай “Алдар” спорт хорооноос 10 гаруй хос төрөөд байна. Зарим нь ч хүүхэдтэй болж. Намайг тэтгэвэрт гарах үед хүүхдүүдээ дагуулаад ирвэл бүтэн баг гарах шинжтэй шүү” гээд инээв.

Өдгөө түүний төрсөн ах Ц.Цогтбаяр БНХАУ-ын Гуанжугийн шигшээ багийг дасгалжуулж байгаа билээ. Энэ талаар лавлахад “Нэгдүгээрт тэтгэвэрт гарсан. Мөн МЧБХ ажиллах боломжгүй болтол нь шахсан. Тиймээс түүнд өөр сонголт гараагүй” гэв.

Харин түүний шавь П.Орхоны асуудал юу болж байна гэхэд “ДБНХ-ноос ямар хариу ирэхийг хүлээж байна. Арай ч 2020 оны олимпод оролцуулахгүйгээр хасчихгүй байх аа. Зарим хэвлэл мэдээллээр П.Орхоныг 2020 оны олимпт оролцож чадахгүй боллоо гээд байх юм. Тодорхой хариу ирээгүй байгаа шүү дээ. Тиймээс бидэнд боломж бий” гэсэн юм.

Ийнхүү бид түүний тамирчин байх үеийн он цагаар аялахад “Би дунд ангиа 21 дүгээр сургуульд дүүргэсэн. Есдүгээр ангид сурч байхад сургуулийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болохоор нь ортол түрүүлдэг байгаа. Дорнын их яруу найрагч Б.Явуухулан агсны хүү Энхээ багш намайг хэд хоног бэлтгэл хийлгэж байгаад Найрамдлын районы аварга шалгаруулах тэмцээнд оруулсан чинь дахиад түрүүлсэн. Тэр үед “Барилгачин” нийгэмлэгийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Сүрэнжав багш намайг харчихаад “Чи маргааш хүрээд ирээрэй” гэсэн. Би ч дуртай юм хойно, хувцастай цүнхээ үүрээд орсон. Тэр цагаас хойш би цэргийн албанд мордотлоо багшаасаа салаагүй. Багшийнхаа удирдлага дор хичээллэж байхдаа 1983 онд өсвөр үеийнхний УАШТ-ээс хүрэл медаль хүртэж, хөнгөн жингийн тэмцээнд түрүүлснээр амжилт маань эхэлсэн. Аав маань насаараа нягтлан бодогчоор ажилласан, ээж минь барилгын техникч мэргэжилтэй ч номын худалдагч, арга зүйчээр ажилладаг байв. Манай удамд спортын хүн байхгүй ээ. Бид эхээс наймуулаа. Би дүү нараа чөлөөт бөхийн спорт руу уруу татсан гэж боддог. Намайг тэмцээнд оролцоод медаль хүртээд ирэх бүрт дүү нар маань маш их баярлана. Харин биднээс гадаад руу түрүүлж тэмцээнд явсан нь Энхбаяр бид хоёр. Аав, ээж хоёр эхэндээ биднийг “Тамирчин болно” гэхэд дургүйцдэг байсан. Гэвч дугуйландаа нууцаар гүйгээд байгаа биднийг сүүлдээ дийлэхээ байсан. Арга нь барагдсан юм байлгүй дээ, зайлуул. Тухайн үед манайх III, IV хороололд гурван өрөө байранд амьдардаг байлаа. Аав, ээжийг эзгүйд бид байнга барилдана. Одоо бодоход шал нь яаж тэсдэг байсан юм бол. Харин аав, ээжийг ажлаасаа ирэх үед гэрээ цэмцийтэл цэвэрлэчихээд юу ч болоогүй юм шиг сууж байдагсан. Намайг дүү нартайгаа дотоод, гадаадын тэмцээнд амжилттай оролцох үед зарим нь “Та нар А.Басхүүгийн хүчээр ингэж яваа шүү” гэдэг. Үүгээрээ атаархаж байгаагаа илэрхийлж байхгүй юу” гэж хавчуулаад авна билээ.

Тэгснээ “Тэр үед Оросын сувгаар хоккей, хөлбөмбөг их гарна. Би одоо ч хөвгүүдтэйгээ хөлбөмбөг үздэг. Английн “Ливерпүүл” клүбийн улаан фанат. Шөнө тоглолттой бол сэрүүлэг тавьж унтдаг” гээд ярианыхаа сэдвийг өөрчлөв.

Ц.Хосбаяр дунд сургуулиа төгсөөд аавынхаа мэргэжлийг өвлөх санаатай байсан ч техникумын хуваарь таарчээ. Хариугүй явахын даваан дээр цэргийн зарлан ирснээр эх орноо манахаар явж. Ингээд номын мөр хөөсөнгүй. Түүний гэр бүлийн хүнийг С.Батжаргал гэдэг. Хөвгүүд нь хөлбөмбөгийн “Хоромхон” клүбт хичээллэдэг аж.

Тэрбээр заримдаа хүүхдүүдээ хэддүгээр анги, курст сурдгийг мартдаг. Олон тэмцээн, бэлтгэл гэж явдаг болохоор арга ч үгүй байх л даа. Тэрбээр “Сайн ханийн буянаар би энэ зэрэгтэй явна” гэж хэд хэд хэлсэн.

Сонин болгож хэлэхэд Ц.Хосбаяр дасгалжуулагч болохоосоо өмнөхөн нэгэн найзындаа эхнэрээ анх харж, танилцаж. Тэрбээр “Энэ хүн намайг Таваншар руу нэлээн алхуулсан шүү” гээд инээв. Энэ үед эхнэр нь инээд алдснаа “Би Хосоог тамирчдаа аваад дотоодын тэмцээнд оролцход нь халуун савтай цай, хоол аваад очдог байлаа” гээд хуучлах.

Тэгэхээр нь “Олон оронд очсон хүн ирэх бүртээ танд бэлэгтэй байдаг уу” гэхэд “Харин ч үгүй шүү. Тэгээд ч би сайн яваад, амжилт гаргаад ирээсэй гэж боддог болохоос юм горьдож суудаггүй. Гэтэл манай хөршийн эхнэрүүд “Танай хүн гадаад руу тэмцээнд явсан гэсэн байх аа. Гэтэл өглөө ганцхан жижиг цүнх бариад орж байгаа харагдсан. Чамд юм авч ирдэггүй юм уу” гэдэг.

Тэгэхээр нь “Тэмцээнд явж байгаа хүнээс юу горьдох вэ дээ, амжилттай оролцоосой л гэж хүсдэг” гээд даруухан хариулдгаа нуусангүй. Эхнэр нь “Гэхдээ охиноо мэндэлснээс хойш охиныхоо захьсан юм бүхнийг авч ирдэг болсон. Охиныг бага байхад АНУ-руу тэмцээнд явсан юм. Ирэхдээ том гэгч нь цүнхнийхээ нэг талд памперс чихэж, нөгөө хэсэгт нь хувцасаа хийсэн байсан. Гэртээ цүнх дүүрэн бэлэгтэй ирсэн анхны тохиолдол байлаа” гээд тас тас хөхөрлөө.

Дараа нь “Хосоог хэдхэн жилийн өмнө гадаад руу тэмцээнд явахад нь би “Надад булган шуба аваад ирээрэй” гээд хоёр сая төгрөг өгсөн. Гэтэл “Тамирчид маань буцах зардалгүй болчихоор нь үрчихсэн шүү” гээд хэнэг ч үгүй инээгээд орж ирсэн” гээд хуучиллаа. Ц.Хосбаярын цуглуулга нь мандат аж. Гэхдээ эхнэр нь шахаж, шаардсны эцэст цуглуулдаг болсон юм” гэлээ.

Ингээд бид эргэн уулзахын ерөөл тавиад өвлийн өтгөн бараан үүл салхины аясаар хөвж, одод гялтагнах эгшинд гарсан юм.































Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Хосбаяр: Эхнэртээ булган шуба авах гэж байсан мөнгөөрөө тамирчдынхаа буцах зардлыг хийгээд ирж байлаа  
Үзсэн: 14426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-20 13:18
Ээж нь Монголын чөлөөт бөхийн тамирчдыг мөн ч их тэжээсэн хүндээ. Ямартаа л энхбаяртайгаа Орхонтуулд шилжин ирж мал маллан тамирчдын хоол ундыг бэлтгэж байхав дээр. Хэдэн сайхан аврага хөвгүүдийг төрүүлсэн жинхэнэ монгол ээж болохоор хүүхдүүдийнхээ амжилт, хөдөлмөрийг улсаасаа илүү үнэлж, дэм тус болж байсан юм даа
Зочин [127.0.0.xxx] 2019-01-20 13:18
Ээж нь Монголын чөлөөт бөхийн тамирчдыг мөн ч их тэжээсэн хүндээ. Ямартаа л энхбаяртайгаа Орхонтуулд шилжин ирж мал маллан тамирчдын хоол ундыг бэлтгэж байхав дээр. Хэдэн сайхан аврага хөвгүүдийг төрүүлсэн жинхэнэ монгол ээж болохоор хүүхдүүдийнхээ амжилт, хөдөлмөрийг улсаасаа илүү үнэлж, дэм тус болж байсан юм даа
Zz [127.0.0.xxx] 2019-01-16 22:54
Bulgan shuband munguu zoriulaaguin sain hereg bolj.Amitnii amiig yargalj hiisen huvtsasiig saihan beleg,une tsene gej bodoj heregledeg humuusee Ene bol Nigel shuu
Зочин [127.0.0.xxx] 2019-01-16 21:37
Yneheer mundag hvn shvv.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-16 18:16
Saihan yariltslaga unshlaa.chuluut bohiin spirtiig hogjulehed vuh nasaaraa zutgej yavaa dasgaljulagchdaa bolon ger buld ni sain saihniig husiee
Zochin [127.0.0.xxx] 2019-01-16 13:16
Ер нь 2000оноос өмнөх энэ хэдэн чөлөөт бөхийн тамирчидын эхнрүүд үнэхээр тэсвэр тэчээрийн туулууд байсан. Үнэхээр хүндэлмээр хувийн амьдрал гэж байхгүй юун тэр эмэгтэй хүний эрх ямба бол бүүрч байхгүй жинхэнэ түшиг тулгуур нь байсандаа
Цоглог [127.0.0.xxx] 2019-01-16 13:16
Мундаг хүн шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-16 12:44
Mundag hun yumaa. Shan niitlel boljee
Зочин [127.0.0.xxx] 2019-01-16 12:03
Za mundag bagsh mundag dasgaljuulagch hun shuudee Az jargal eruul enhiig husie
Амгаа [127.0.0.xxx] 2019-01-16 11:40
Монголын чөлөөт бөхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа хүн дээ даан ч сайн юманд садаа их байх юм даа

Бидэнтэй нэгдээрэй