
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.17) нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав.
Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгохоор зохицуулжээ. Ингэж өмчлөгчийн хүсэл зоригийн дагуу бусдаас хараат бусаар хэрэгжих өмчлөх эрхэд хязгаарлалт тогтоосноороо Үндсэн хуулиар баталгаажуулсан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, өв залгамжлуулах иргэний эрхийг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэж, дээрх заалтыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Иймээс Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлттэй холбогдуулан Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувийн саналаар Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа | ||
Үзсэн: 1271 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.