Шууд Chart

Хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлахыг дэмжив

2019-01-17 14:46:42

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.17) нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Үндсэн хуулийн цэц 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дунд суудлын хуралдаанаараа Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороод хуралдаанаараа хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, тогтоол баталсан.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 12 дугаар 05-ны өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцээд санал нэгтэй дэмжиж, Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон юм.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлахыг дэмжив.


Хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлахыг дэмжив  
Үзсэн: 1167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй