
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.17) нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын 9 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотойгоор үүссэн асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан боловсруулж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн.
Төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, нийгмийн зорилтот бүлэг, тэр дундаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор уян хатан, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог зээлээс Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн болон хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудлын хүрээнд Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн төдийхнөөр хариуцлагын асуудал хязгаарлагдсан.
Засгийн газар, тэр дундаа Сангийн яамнаас ажлын хэсэг гарган ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын бусад сангийн үйл ажиллагааг шалгаж байгаа гэх боловч тодорхой үр дүн гараагүй байна. Түүнчлэн ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээж байгаа албан тушаалтан алга. Иргэд, олон нийт үүнд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, буруутай этгээдэд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг төрөөс шаардаж байна.
Түүнчлэн асуудалд холбогдсон Засгийн газар өөрийгөө шалгаж байгаа, эрх мэдэл бүхий төрийн өндөр албан тушаалтан уг асуудалд холбогдсон зэрэг нь шалгалтын үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд үнэн зөв, бодит мэдээлэл гарна гэдэгт иргэд, олон нийт итгэхгүй байна. Иймээс Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд бид Улсын Их Хурлаас хараат бус, бие даасан байдлаар ажиллах Түр хороог байгуулж, үүссэн асуудлыг хянан шалгах нь зүйтэй гэж үзээд тогтоолын төсөл боловсруулж өргөн мэдүүлсэн. Бидний саналыг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар дэмжиж, Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллахаа илэрхийлээд байгаа гээд Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг дэмжиж, хамтарч ажиллахыг гишүүдээс хүслээ.
Мөн Төсвийн байнгын хороо 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Ингээд хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч эхэлсэн бөгөөд чуулганы хуралдааны үдийн завсарлагааны цаг болсон тул уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.
“Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ | ||
Үзсэн: 1207 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.