
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы 2019 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын 9 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Батзандан нарын хувьд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой үүссэн асуудлыг хянан шалгахыг УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороогоор оруулах шаардлагатай тул “Түр хороо байгуулах” тогтоолын төслийг дэмжих боломжгүй гэв. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, О.Баасанхүү нарын зүгээс төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан эсэхэд парламент хяналт тавих хуультайг онцлоод, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сантай төрийн өндөр албан тушаалтнууд нэр холбогдсон учир Улсын Их Хурлаас хараат бус, бие даасан байдлаар ажиллах Түр хороог байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Ингээд “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаалаа.
“Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаав | ||
Үзсэн: 1227 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.