Шууд Chart

Тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2019-01-18 09:16:07

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы 2019 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулж өргөн мэдүүлсэн УИХ-ын зургаан тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын өргөн мэдүүлсэн "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн талаар хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа нар  тус тус танилцуулав.

Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт “Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг Улсын Их Хурал батална” гэж заасныг үндэслэн энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ. УИХ-ын 1995 оны 06 дугаар сарын 02-ны ѳдрийн 35 дугаар тогтоолоор Төрийн захиргааны албаны зѳвлѳлийн дүрмийг анх баталж мөрдүүлсөн бол дараа нь УИХ-ын 2002 оны 11 дүгээр сарын 28-ний ѳдрийн 85, 2009 оны 12 дугаар сарын 04-ний ѳдрийн 87 дугаар тогтоолоор Зѳвлѳлийн үйл ажиллагааны дүрмийг шинэчлэн баталсан байна.

Төрийн албаны зөвлөлийн шинэ дүрмийн төсөлд, Төрийн албаны стандартын удирдлагыг улсын хэмжээнд хариуцан хэрэгжүүлэх чиг үүргийг халж, Зөвлөл нь хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулж, нэгд, төрийн жинхэнэ албаны ерөнхий ба тусгай шалгалтыг зохион байгуулах, хоёрт, хяналт шалгалт, шинжилгээ, үнэлгээ хийх, гуравт, маргаан хянан шийдвэрлэх, дөрөвт, сургалт, судалгаа зохион байгуулах, мэдээллийн нэгдсэн санг эрхлэх, тавд, мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Мөн хуульд шинээр тусгагдсан хүний нөөцийн аудит хийх, төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах, төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэлийн нэгдсэн мэдээллийн санг эрхлэх, төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээ хийхэд мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн албаны ёс зүй, жендерийн эрх тэгш байдлыг хангахад хяналт тавихад чиглэсэн зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгасан байна. Түүнчлэн төрийн албаны салбар зөвлөл, Ажлын алба, сургалт, судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжийн зохицуулалтыг шинэчлэн тусгасны зэрэгцээ Зөвлөлөөс бусад байгууллага, иргэдтэй харилцах үйл ажиллагааны арга, хэлбэрийг дүрмийн төсөлд тусгаж зохицуулжээ.

Төрийн байгуулалтын  байнгын хороо 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, Ж.Батзандан нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Хуралдаанд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Ингээд “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжихийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71,7 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шижлүүллээ.


Тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв  
Үзсэн: 742 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй