
1535 ОНД ИРЭЭДҮЙН ПЕРУ УЛСЫН НИЙСЛЭЛ ЛИМА ХОТЫН ШАВЫГ ТАВЬЖЭЭ.
1535 оны 1 сарын 18-ны өдөр Испанийн эзлэн түрэмгийлэгч Франсиско Писсаро Гонзалес нутгийн уугуул инкуудын нийслэл Куског эзлэж Хаадын хот нэртэй хотыг байгуулжээ. Хотын дундуур урсдаг байсан голыг нутгийн уугуул иргэд “Римак” гэж нэрлэдэг байсан нь , хожмын Лима хотын нэрний үүсэл үндэс юм. Өнөөдөр Перу хот нь нийт 6 сая хүн амтай. Өдгөө хотын төв талбай болон өөрт нь зориулан босгосон хөшөө нь анх Франсиско Писсаро Гонзалесын хотын гол цэгийг тэмдэглэхээр шон хатгасан газарт сүндэрлэдэг юм байна.
Лима хотын үүсгэн байгуулагдсан өдөр Франсиско Писсаро Гонзалесын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг юм байна. 1991 онд Юнескогоос Лима хотыг дэлхийн соёлын өвд бүртгэн авчээ.
1825 ОНД МОСКВА ХОТОД “БОЛЬШОЙ ТЕАТР”-ЫГ НЭЭСЭН БАЙНА.
1776 онд 2 дугаар Екатерина хатан хаан тухайн үеийн Москва хотын амбан захирагч Урусовд театр барих эрх олгожээ. Их театрын анхны хувилбарууд 1780 –аас 1808 оны хооронд гурван удаа түймэрт өртөж устсан тул, 1818 онд Петербургийн шинжлэх ухааны академи Москвагийн театрын барилга төслийн уралдаан зарлажээ. Тухайн уралдаанд Академийн ректор Алексей Михайловын бүтээл түрүүлсэн байна.
Хожим нь түүний төслийг Итали гаралтай уран барилгач Осип Бове сайжруулж 1821 онд барилгын ажлыг эхлүүлсэн байна. Большой театрын нээлтийн үйл ажиллагаа 1825 оны 1 сарын 18 –ны өдөр болсон байна. Өнөөдөр Большой театр нь дэлхийн хамгийн нэр хүндтэй, томоохон дуурь бүжгийн театрын нэгт тооцогддог юм.
1964 ОНЫ ЭНЭ ӨДӨР АМЕРИКИЙН ЭМЧ НАРЫН ХОЛБОО ТАМХИНЫ САВЛАГАА ДЭЭР ТАМХИНЫ ХОР ХӨНӨӨЛИЙН ТАЛААР БИЧИХ ШААРДЛАГЫГ КОНГРЕССОД ХҮРГҮҮЛЖЭЭ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 20 дугаар зуунд л гэхэд 100 сая хүн тамхины хэрэглээний улмаас нас баржээ. Энэ тоо нь 21 дүгээр зуунд 1 тэрбумд хүрнэ гэдэг судалгаа байдаг. 1964 оны 1 сарын 18-ны өдөр Америкийн эмч нарын холбоо тамхины савлагаа дээр тамхины эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн талаар бичих шаардлагыг конгрессод хүргүүлжээ. Тэр үеэс хойш хагас зууны хугацаа өнгөрсөн билээ.
Тамхины хор хөнөөлийн талаарх бичгээс гадна , хүний бие организм хэрхэн өөрчлөгддөг талаар танин мэдэхүйн зургийг савлагаан дээр хэвлэдэг болсон түүхтэй.
1947 ОНД ЯПОНЫ АЛДАРТАЙ НАЙРУУЛАГЧ , ЖҮЖИГЧИН ТАКЕШИ КИТАНО МЭНДЭЛЖЭЭ.
1947 оны 1 сарын 18-ны өдөр Японы Токио хотод жүжигчин, найруулагч, зохиолч, хөтлөгч Такеши Китано мэндэлжээ. Хэдийгээр ээж нь түүнийг төрийн албан хаагч болгохыг мөрөөддөг байсан ч, тэрээр шоу бизнесд орохоор шийдэж Токиогийн Мейзи гэх их сургуулиа хаяжээ. 1972 онд Китано найзтайгаа хамтран Ту Битс хошин шогийн хамтлаг байгуулсан байна. 1989 онд Такеши Китаногийн найруулсан анхны уран сайхны кино дэлгэцэнд гарсан. Түүний урын санд өдгөө 20 гаруй бүтээлүүд байдаг, 1997 оны “Галын наадам” кино нь Венецийн кино наадмаас Алтан арслангийн шагнал хүртэж, тухайн оны Европын кино академийн хамгийн шилдэг гадаадын киногоор шалгарч байжээ.
Такеши Китаногийн кино дүрүүд ихэвчлэн Японы мафийн бүлэглэл, цагдаа, якуза нарыг дүрсэлсэн байдаг. Түүний кинонууд этгээд агуулга, сонирхолтой үйл явдал, ёжлол агуулдаг онцлогтой. Тэрээр одоо хүрэл уран бүтээлээ хийж байгаа төдийгүй Токиогийн их сургуулийн дүрслэх урлаг хөгжмийн сургуульд магистрын тэнхимд багшилдаг юм байна.
1825 оны энэ өдөр Москва хотод "Большой театр"-ыг нээжээ | ||
Үзсэн: 1110 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.