
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.01.18/ үдээс өмнөх хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав.
Хуулийн төсөл санаачлагчид 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр УИХ-аас баталсан сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрийнхээ төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлөх талаар зохицуулсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр байсныг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгож, хуулийн үйлчлэлийг хойшлуулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуульд өөрчлөлт оруулснаар улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардагдахгүй гэлээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгчийг мэргэжлийн байгууллагын саналыг харгалзан томилж, чөлөөлдөг байх нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Баделхан, М.Оюунчимэг нар боловсролын салбарын удирдах ажилтны томилгоо нь улс төрөөс ангид, мэргэжлийн боловсон хүчин тогтвортой ажиллах нөхцөл, боломжоор хангагдсан байх ёстой гэсэн санал гаргасан хэмээн УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.
Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ | ||
Үзсэн: 1038 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.