Шууд Chart

Монгол Улс, БНБУ хооронд байгуулсан гэрээнүүдийг соёрхон батлах тухай хуулиудыг батлав

2019-02-01 05:18:30

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, уг хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нар танилцуулсан юм. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гадаадын этгээд оролцсон буюу өөр улсад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зарим ажиллагааг гүйцэтгэх шаардлага гарахад олон улсын эрх зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа нь шүүх засаглал, шударга ёсыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Улс орнууд иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, иргэд хоорондын хэрэг маргааныг чирэгдэлгүй шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой. Монгол Улс одоогийн байдлаар 17 улстай иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгааг сайд илтгэлдээ дурдав.

Бүгд Найрамдах Беларусь Улстай Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулахаар 2014 оноос эхлэн ажиллаж, хоёр тал гэрээний төслийг 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн уулзалтаар хэлэлцэн тохирч, 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Минск хотноо байгуулжээ. Тус гэрээгээр хоёр улсын иргэд адил нөхцөлөөр эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах, баримт бичиг гардуулах, дамжуулах, нотлох баримт олж авах, баримт бичгийг гэрчлүүлэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаатай холбоотой эрх зүйн туслалцааг хоёр улсын эрх бүхий байгууллагууд харилцан үзүүлэх журмыг тохирсон байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 870.7 хувь нь дэмжин, хуулийн эцсийн найруулгын сонслоо. 

Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилсэн юм. 

Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээний үндсэн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийг таслан зогсооход чиглэсэн улс хоорондын хамтын ажиллагааны үр нөлөөг хангах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх чиглэлд хоёр улсын харилцааг хөгжүүлэн бэхжүүлэх боломж бүрддэг. Монгол Улс одоогийн байдлаар 15 улстай гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээ байгуулаад байгаа аж.

Бүгд Найрамдах Беларусь Улстай Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээний төслийг 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн уулзалтаар хоёр тал хэлэлцэн тохирч, гэрээг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Минск хотноо байгуулжээ. Уг гэрээгээр гэмт этгээдийг шилжүүлбэл зохих гэмт хэргийн төрөл, шилжүүлэхээс татгалзах үндэслэл, шаардагдах баримт бичиг, гэмт этгээдийг шаардлагатай тохиолдолд түр саатуулах, шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх журмыг нарийвчлан тодорхойлсон тул гэмт этгээд шилжүүлэх ажиллагааг амжилттай, шуурхай гүйцэтгэх боломжтой болно гэж хууль санаачлагч үзэж байгаа аж. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, төслийн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нар танилцуулсан. 

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа. 

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл байв. Улс орнуудын хуулийн байгууллагууд эрх зүйн туслалцаа үзүүлэх замаар иргэний болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай, шуурхай гүйцэтгэх, иргэд хоорондын хэрэг, маргааныг чирэгдэлгүй шийдвэрлэх, эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх боломжтой болдог бөгөөд үүнд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай олон улсын хоёр талт болон олон талт гэрээ нь эрх зүйн үндэслэл болдог. Иймээс Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг байгуулжээ. Уг гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.9 хувь нь дэмжсэн юм.


Монгол Улс, БНБУ хооронд байгуулсан гэрээнүүдийг соёрхон батлах тухай хуулиудыг батлав  
Үзсэн: 1092 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй