Шууд Chart

Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлав

2019-02-01 05:21:20

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны төгсгөлд Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорацаар төлөөлүүлэн Америкийн Нэгдсэн Улсын хооронд байгуулсан  Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.

Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорациас 2014 оны 12 дугаар сард Монгол Улстай хоёр дахь Компакт гэрээ байгуулах шийдвэр гарснаас хойш 3 жил гаруйн хугацаанд Гадаад харилцааны яамны дэргэд байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац (МСК) хооронд байгуулах хоёр дахь компакт гэрээг боловсруулах үүрэг бүхий Үндэсний ажлын алба, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацтай хамтран Компакт гэрээ боловсруулах бэлтгэл ажлыг 2018 оны 5 дугаар сард бүрэн хангаж дуусгасан.

Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Компакт гэрээнд гарын үсэг зурах асуудлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр зөвшилцөж, гарын үсэг зурах асуудлыг зөвшөөрсөн санал, дүгнэлт гарсан. Энэ үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац хооронд Компакт гэрээний талаарх хэлэлцээ 2018 оны 5 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотод амжилттай явагдаж, гэрээний төслийг тохиролцжээ. 

Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Мянганы сорилтын компакт гэрээнд гарын үсэг зурах асуудал дэмжигдэж, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Компакт гэрээнд гарын үсэг зурж гэрээг байгуулсан. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргатай Компакт гэрээг хэрэгжүүлэх Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан гэдгийг сайд танилцуулав.

Компакт гэрээний дагуу Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэхэд олгосон 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламж олгох юм. Энэ хүрээнд гүний худаг гаргах, ус цэвэршүүлэх үйлдвэр барих ажлууд үе шаттай хийгдэж, Улаанбаатар хотын нийт усан хангамж сайжрах боломж бүрдэх юм байна.

Төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Лхагва (2019.01.30)  гарагийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулсан. 

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, А.Ундраа, С.Бямбацогт, Б.Батзориг, Б.Пүрэвдорж, П.Оюунхорол, Ц.Мөнх-Оргил нар Гадаад харилцааны сайд болон ажлын хэсгээс асуулт асууж, төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Энэхүү төсөл нь хоёр орны хооронд тун амжилттай хэрэгжиж буй гэрээ бөгөөд нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад дэвшил үзүүлэх үр нөлөө бүхий гэрээ гэдгийг онцолж байв. Төслийг хэрэгжүүлэх явцад Монгол Улсын талаас хүлээх хариуцлагыг чангатгаж, төлөвлөгөөний дагуу явуулахад анхаарах, санхүү төсвийн асуудлыг зохих ёсоор шийдвэрлэх, иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг үр ашигтай зохион байгуулахад анхаарал тавьж ажиллах нь чухал гэдгийг сануулж байв. Энэ бол Америкийн Нэгдсэн Улсын ард түмнээс Монгол Улсын ард түмэнд өгч буй том бэлэг бөгөөд энэ бол 350 сая ам.долларын буцалтгүй тусламж гэдгийг Ц.Мөнх-Оргил гишүүн цохоод 2015 оны хавраас хойш хэд хэдэн Засгийн газар дамжин яригдсан гэрээг эцэслэж чадсан Гадаад харилцааны сайд, Ажлын хэсгийн ахлагч, шинжээчдийн баг хамт олонд талархал илэрхийлсэн. Монгол төрийн гадаад харилцааны хамтын ажиллагааны залгамж, мэргэжлийн баг хамт олны тасралтгүй, идэвхтэй ажилласаны үр дүнд гэрээг ийнхүү эцэслэж буйг тэмдэглэв. Төслийг хэрэгжүүлэхийн өмнө Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газраас мэргэжлийн баг томилон ажиллуулсан бөгөөд Монгол Улс дахь бизнесийн орчны хамгийн том хүндрэл нь улс төр, хууль эрх зүйн тогтворгүй байдал бөгөөд энэ эрсдлээс хамгаалах ямар нэг арга хэмжээг Америкийн Нэгдсэн Улсын зүгээс авах боломжгүй гэдэг дүгнэлтийг гаргасан гэдгийг дурдсан. Түүнчлэн санхүүжилтийн өндөр өртөг нь бизнесийн хүндрэл, удаад нь усны менежмент, өртөг, усны хангамжийн эрсдэл гэдгийг тус улсын Засгийн газрын мэргэжлийн баг хоёр жилийн судалгааныхаа тайланд дурдсан. Үүний үр дүнд энэ гэрээг байгуулж буйг дурдав. Төсөл хэрэгжсэний үр дүнд Улаанбаатар хотын усны хангамж 20-25 жилээр сунгагдаж байгаа бөгөөд дээрх хугацааны дараа нийслэлчүүд усны гачигдалд орох эрсдэл нүүрэлсээр байхыг хэлж байв. Тиймээс энэ хугацаа сунгаж буй арга хэмжээг ашиглан хэтдээ усан хангамжийн эрсдлээ бууруулах дараа дараагийн арга хэмжээгээ авах, бүтцээ бүрдүүлэх, арвич гамтай хэрэглэж сурах гэх мэт олон үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатайг хэлж байв. Төслийн гол ач холбогдол нь хоёр үйлдвэр барихаас гадна усны менежментийг сайжруулах юм. Монгол Улс төслийн санхүүжилтийн тодорхой хувийг бүрдүүлэхийн зэрэгцээ улс орондоо орчин үеийн усны менежментийг нэвтрүүлж, нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх үүрэг хүлээж байгааг Улсын Их Хурал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Засгийн газар, салбарын яам анхаарах ёстойг онцолж сануулсан. Гэрээний хүрээнд усны асуудал хариуцсан агентлагтай болж, устай холбоотой бүх асуудлыг хариуцах ёстой, мөн усны төлбөр алсдаа нэмэгдэж, иргэд аж ахуйн нэгжүүд усны хэрэглээндээ арвич хямгач хандах шаардлага үүснэ гэдгийг дурдлаа. 

Ингээд Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорацаар төлөөлүүлэн Америкийн Нэгдсэн Улсын хооронд байгуулсан  Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжив. Иймд батлагдсан хуулийн эцсийн найруулгын сонсоноор энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө


Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлав  
Үзсэн: 939 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй