Шууд Chart

Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Төрийн соёрхол цол хүртээлээ

2019-02-04 11:56:10

Монгол Улсын

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тохиолдуулан  “Төрийн шагнал хүртээх тухай” зарлиг гаргалаа.

Зарлигт: “…Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшиж, үеэс үед дуурьсах гарамгай бүтээлүүдийг туурвин урлаг, уран зохиолын боловсрол, гоо зүй, танин мэдэхүй, соён гэгээрлийн гарамгай үйлсийг бүтээж, Монголын уран зохиолын хөгжил, яруу найргийн туурвил зүй, оюун санааны дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь соёрхон үнэлж, үндэсний уламжлал бэлгэдлийг эх орныхоо байгаль, түүх, соёл, ахуйд уялдуулан шингээж, ард иргэд, залуу хойч үедээ эрх чөлөө, тусгаар тогтнол, эх орныхоо эгнэшгүй үнэ цэн, яруу гайхамшгийг таниулсан “Есөн эрдэнийн орон” найраглал туурвисан Монгол Улсын Ардын Уран зохиолч Пунцагийн Бадарчид Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.

Төрийн шагнал хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн соёрхлыг Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид гардуулж, үг хэллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга  “Билгийн тооллын шинийн нэгэн, Сар шинийн баярын босгон дээр Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч гуай Төрийн шагналыг хүртэж байна.

Монгол хүн бүр П.Бадарч гуайн шүлэг, найраглалуудыг уншиж өссөн, эх хэлнийхээ яруу сайхныг түүний бүтээлүүдээс мэдэрдэг болсон гэхэд эргэлзэх, маргалдах хүн байхгүй биз ээ. 1976 онд П.Бадарчийн “Есөн эрдэнийн орон” найраглал Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт орсон байдаг агаад энэ бүтээлээр хүүхэд багачууд эх орноо хайрлах анхдагч сэтгэхүй, мэдрэмжээ олж авдаг юм.

П.Бадарч гуайн хийсэн бүтээсэн зүйлс нь олны нүдэнд илхэн, номонд шингэж, ардынхаа сэтгэлд хоногшсон тул би илүүг тоочиж цаг барах нь илүүц биз.

Ингээд Төрийн шагнал хүртсэн П.Бадарч гуай танд эрүүл энх урт удаан насалж, ихийг бүтээхийг ерөөе. Миний эх орон авьяас эрдэнийн билээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын урлаг соёл дэлгэрч, авьяас билэгтнүүд урлан туурвих нь өргөн болох болтугай” гэв.

Нэрт яруу найрагч П.Бадарч өдгөө 80 насыг зооглож байгаа бөгөөд 1960 оноос уран бүтээлээ туурвиж “Морьд”, “Есөн эрдэнийн орон”, “Алтан тоос”, “Зургаан мөнгөн мичид”, “Ширхэг цагаан сувд”, “Хэрлэн” зэрэг яруу найргийн ном хэвлүүлжээ.

Зохиолч, яруу найрагч П.Бадарч 1981 онд “Эх орны хилээс эх орондоо хэлэх үг”, “Байтагийн чулуу”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Цэрэг эх орны дуулал” дууны шүлгээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1988 онд “Есөн эрдэнийн орон” найраглалаараа Д.Нацагдоржийн шагнал, 1999 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2005 онд Ардын уран зохиолч цол тус тус хvртсэн юм.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Төрийн соёрхол цол хүртээлээ  
Үзсэн: 1791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй