
МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг улс орныхоо нийгэм, улс төр, бизнес, хөдөө аж ахуй, боловсрол, соёл шинжлэх ухаан, хүн зоны амьдрал зэрэг бүхий л мэдээ мэдээллийг үзэгч түмэндээ цаг алдалгүй түгээн дэлгэрүүлдэг билээ. Тус суваг улс нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулж, олон сайхан үйлсээрээ түмнийг түүчээлж буй эрхмүүдийг шалгаруулдаг “Цагийн хүрдийн баатрууд” ёслолын ажиллагааг тахиа жилээс эхлэн хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
“Цагийн хүрдийн нохой жилийн баатрууд” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг нээж МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц “Эрхэм хүндэт “Цагийн хүрдийн баатрууд”-аа, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн эрхэм хүндэт үзэгч, сонсогчдоо та бүхэндээ цагаан сарын шинийн нэгний баярын мэндийг хүргэж, хамт олныхоо өмнөөс мэндчилж байна. Бид энэ сайхан арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж, өнгөрөгч нохой жилийн баатруудыг тодруулж алдаршуулан, олон нийтэд танилцуулах гэж байгаадаа баяртай байна. “Цагийн хүрдийн баатрууд” төсөл жилээс жилд өргөжиж, тодруулсан алдартнуудын хийсэн, бүтээсэн гавьяа олон нийтэд үлгэр жишээ болж, үйл хэрэг нь үргэлжилж а” гэсэн юм.
“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр Монгол орны дөрвөн зүг, найман зохист айл бүрийн хойморт цэнхэр дэлгэцээр хүрдэг. Тэгвэл үндэсний хэмжээний 51 жилийн түүхт телевизийн эл хөтөлбөр эх орныхоо өнцөг булан бүрээс өнгөрөгч жилийн эгэл болон эгнэшгүй алдартнуудаас шилдгийн шилдгийг шигшиж, үзэгч түмэндээ нээж байна.
Оюунлаг хүн – Р.Барсболд
“Цагийн хүрдийн нохой жилийн баатрууд”-ын “Оюунлаг хүн”-ээр дэлхийн палеонтологийн салбарын шилдэг 10 эрдэмтний нэг, сээр нуруутны палеонтологийн дээд шагнал Ромер-Симпсоны нэрэмжит шагнал хүртсэн Азийн хоёр дахь эрдэмтэн, Азийн үлэг гүрвэл судлах нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч, төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, академич, палеонтологич Ринчений Барсболд шалгарлаа.
Шударга татвар төлөгч – Б.Чинбат
“Цагийн хүрдийн нохой жилийн баатрууд”-ын “Шударга татвар төлөгч” номинацид дэлхийн амьд домог болсон Арета Франклины үндсэн таван хөгжимчний нэг болсон төдийгүй АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслолын хөгжмийн найруулгыг хийсэн хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, продюсер Б.Чинбат тодорлоо. Тэрбээр шагналаа гардаж авахдаа “Би урлагийн буянаар маш олон байгууллагуудтай хамтарч ажилласан. Тэр болгондоо татвараа шударгаар төлж байсан. Энэ шагнал надад маш их урам өгсөн шагнал боллоо. Монголчууд та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй. Монгол Улс мандан бадрах болтугай” гэв.
Экологид ээлтэй хүн – Л.Энх-Амгалан
“Цагийн хүрдийн нохой жилийн баатрууд”-ын “Экологид ээлтэй хүн”-ээр ган, зудтай жил айлын худаг ус бараадаж ирсэн зэрлэг амьтдыг ундалсан Өмнөговь-Аймгийн Номгон сумын малчин Л.Энх-Амгаланг тодров. Тэрбээр аргаль, янгирыг тогтмол ундалж байснаас гадна зэрлэг ан амьтад нутаглах газрыг тэлэх зорилгоор өвөлжөөгөө нүүлгэж, бэлчээр гаргаж өгсөн юм.
Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэгч – “Ард санхүүгийн нэгдэл”
“Цагийн хүрдийн нохой жилийн баатрууд”-ын “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэгч” номинацид “Ард санхүүгийн нэгдэл” шилдгээр шалгарав. Тус нэгдэл хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг хадгалж, улам бэхжүүлэн үнэт цаас, “Монгол шуудан” компанийн хувьчлалд хөрөнгө оруулж, даатгал, банк бус зэрэг санхүүгийн олон салбарт үйл ажиллагаа эрхэлж, хувьцаа эзэмшигчдийн хүртэх өгөөжийг хэд дахин нэмэгдүүлж чадсан.
Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлийн түүхэнд даатгалын компани анх удаа IPO гаргасан. Ард даатгал, Мандал даатгалын хувьцааг зах зээлд гаргах шийдвэр Санхүүгийн зохицуулах хорооноос нэг өдөр нэгэн зэрэг гарсан. Энэ онд “Ард санхүүгийн нэгдэл”-ийн харьяа хоёр дахь компани IPO гаргана. Тодруулбал, Санхүүгийн зуучлалын үйлчилгээг технологийн дэвшилтэй хослуулан хүргэдэг “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллага ирэх сард олон нийтийнх болох юм. Ингэснээр Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд гурван жилийн дотор дөрвөн удаа “цан цохисон” амжилтыг “Ард санхүүгийн нэгдэл” бичиж байна.
Их хотын соёлч өрх – Хан-Уул дүүргийн иргэн Н.Тунгалаг
“Цагийн хүрдийн нохой жилийн баатрууд”-ын “Их хотын соёлч өрх” Хан-Уул дүүргийн Х хорооны иргэн Цогийнх шалгарлаа. Тэдний гэр бүл 2008 онд гэр хороололд газартай болж, эл газар дээрээ барьсан орчин цагийн хийцтэй, хоёр давхар, тохилог дулаан байшиндаа 2012 онд оржээ. Тэднийх гэрийнхээ дулааны асуудлыг гал түлэх бус цахилгаан халаагуураар бүрэн шийдсэн бөгөөд энэ талаараа иргэн Н.Тунгалаг “Хань бид хоёр унаган хотынх. Нөхөр минь хойд хөршид цахилгааны инженер мэргэжил эзэмшсэн. Тиймээс хань минь орчноо бохирдуулахгүй байя гэдэг үүднээс гэрийнхээ халуун дулааныг утаагүй аргаар шийдсэн” гэв. Мөн “МҮОНРТ-ийн Цагийн хүрд хөтөлбөрийн нохой жилийн “Их хотын соёлч өрх”-өөр шалгарсан даа баяртай байна” гэлээ.
Шинжлэх ухааны онцлох амжилт – Я.Мягмарсүрэн
“Цагийн хүрдийн нохой жилийн баатрууд”-ын “Шинжлэх ухааны онцлох амжилт” төрөлд Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Я.Мягмарсүрэнгийн гаргаж авсан Улаанбуудайн сортыг онцолж байна.
2015 онд хөрсөн дээр 63 хэм хүртэл халж байхад, Улаанбуудайн “Дархан-144” соортоор тариалсан тариан талбай ургац алдаагүй. Учир нь энэ соортын давуу тал нь ганд тэсвэртэй. Ганд тэсвэртэй сортыг ургац алдахгүй гэж хэлж болох аж. Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр Я.Мягмарсүрэн эрдэмтэн “Энэ шагналыг Монгол Улсын цор ганц сансар огторгуйд хүрсэн нисгэгч, улсын баатар Ж.Гүррагчаа гуайгаас гардаж авч байгаа нь Монголын шинжлэх ухаан үсрэнгүй хөгжиж, бүх дэлхий, огторгуйд танигдах юм байна гэж билэгшээж байна. Өнөөдөр сар шинийн баяраа тэмдэглэж буй өрх бүрийн баярын ширээн дээр эрдэмтэн бидний хөдөлмөр шингэж очсон гэж бодохоор бахархаж байна. Ирж буй жил хур бороо тэгширсэн сайхан зун, намар болж, монголын ард түмэн, тариаланчид идээ тариагаар элбэг байгаасай. Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд улс орноос анхаарч , эрдэмтдийн амжилт бүтээл арвин байгаасай” хэмээв.
Үндэсний үйлдвэрлэлийг түүчээлэгч – “Түмэн шувуут”
“Цагийн хүрдийн нохой жилийн баатрууд”-ын “Үндэсний үйлдвэрлэлийг түүчээлэгч”-ээр “Түмэн шувуут” компани шалгарлаа. 2004 онд 20 мянган өндөглөгч тахиатай байгуулагдсан тус компани өдгөө 300 мянган өндөглөгч тахиа, 100 мянган өсвөр тахиатай болж өргөжин, газар тариалан, хөдөө аж ахуйг хослуулан хөгжүүлэх тэжээлийн үйлдвэр, усалгаат газар тариалан, сав баглааны болон тахианы мах боловсруулах зэрэг таван салбар үйлдвэртэй тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. “Түмэн шувуут” компани Монгол Улсын өндөгний зах зээлийн 20 хувийг, Улаанбаатар хотын хэрэгцээний 53 хувийг дангаараа хангадаг. Тус компани туршлагадаа үндэслэн хөрөнгийн зах зээлд хувьцаагаа борлуулж, нээлттэй хувьцаат компани болохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ олон нийтээс татан төвлөрүүлэх хөрөнгөөр өндөглөгч тахианы аж ахуйгаа өргөтгөхөөс гадна усалгаат газар тариалан, гурил, тэжээлийн үйлдвэр, махны чиглэлийн болон өндөглөгч тахианы аж ахуй, сангасны органик бордооны үйлдвэр зэрэг хөдөө аж ахуйн цогц төслийг хэрэгжүүлэх юм.
Энэрэнгүй үйлстэн – “Ид шидийн орон” төслийн баг, Ч.Ганжавхлан
“Цагийн хүрдийн нохой жилийн баатрууд”-ын “Энэрэнгүй үйлстэн”-ээр “Ид шидийн орон” төслийн баг, “Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан тодров. Тус төрийн бус байгууллага зорилтот бүлгийн, амьжиргааны түвшин доогуур хүчирхийлэлд өртдөг болон хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөртэй, яаралтай тусламж дэмжлэг, хамгаалал шаардлагатай хүүхдэд чиглэсэн, тасралтгүй үйл ажиллагаа явуулах “Ид шидийн орон” төслийг Баянхошуунд хэрэгжүүлсэн.
Хүүхдийн боловсрол, хүмүүжил, эрүүл мэнд, хамгаалал зэрэг цогц асуудлыг шийдэх зорилготой эл төсөл нь хүүхэд хамгааллын төв болон боловсрол хөгжлийн төв хэмээх хоёр том барилгаас бүрдсэн байгууламж юм. Тус байгууламжид хүүхдийн түр хамгаалах байр, өдөр өнжүүлэх төв, цэцэрлэг, хүлэмж, хүчил төрөгч түгээх цэг зэрэг хүүхдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх олон бичил төв багтсан. Тэгвэл тус ТББ-аас нийслэлийн алслагдсан гэр хорооллын зүүн бүсэд “Ид шидийн орон-2” төслийг хэрэгжүүлэхээр болж, зураг төлөвлөгөөгөө хэдийн гаргасан билээ.
Баатарлаг үйлстэн – Мотобуудлагын VII ээлжийн цэргийн баг
“Цагийн хүрдийн нохой жилийн баатрууд”-ын “Баатарлаг үйлстэн” болох Монгол Улсын Мотобуудлагын VII ээлжийн цэргийн баг 2017 оны есдүгээр сараас 2018 оны есдүгээр сар хүртэл Бүгд найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын мандат дор 850 хүний бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэсэн. Монголын энхийг сахиулагчид энэ хугацаанд буюу 2017 оны аравдугаар сарын 15-ны шөнийн 00:00 цагийн үед зэвсэглэсэн таван этгээд дүрвэгсдийн хуаранд халдлага үйлдэхээр завдсаныг таслан зогсоосон. Ингэснээр энгийн иргэдийн болон энхийг сахиулагчдын амийг хамгаалсан бөгөөд дэлхий дээрх хамгийн томд тооцогддог тус дүрвэгсдийн хуаранд 120 мянган гаруй энгийн иргэн амьдардаг юм.
Нийгмийн хариуцлагатай компани – ХААН банк
“Цагийн хүрдийн нохой жилийн баатрууд”-ын “Нийгмийн хариуцлагатай компани” номинацид Хаан банк шалгарлаа. Тус банкнаас зохион байгуулсан “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд найман жилийн хугацаанд Монгол орон даяар 80 мянган км зам туулж, 120 мянга гаруй иргэнийг хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулж, 600 орчим яаралтай мэс ажилбар хийж, 400 гаруй хүний хорт хавдрыг эмчилсэн. Мөн 10 мянга гаруй эмч мэргэжилтнийг чадавхжуулах сургалтад хамруулсан юм. Үүнээс гадна Хаан банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2017 оноос хэрэгжсэн цусны даралт ихсэлтийн эсрэг аянд хамтран ажиллаж, 11 мянга гаруй иргэнд урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэсэн. Түүнчлэн эл аяныг нийслэлийн алслаглагдсан дүүрэг болон дөрвөн аймагт зохион байгуулснаас гадна даралт хэмжих багаж бүхий эрүүл мэндийн буланг нийслэлийн болон орон нутгийн эмнэлэг, банкныхаа дөрвөн салбарт нээсэн юм.
Үлгэр жишээ гэр бүл – Есөн хүүхэдтэй өнөр бүл
“Цагийн хүрдийн нохой жилийн баатрууд”-ын “Үлгэр жишээ гэр бүл”-ээр гурван хүү, зургаан охинтой М.Мягмарбат, М.Энхбаяр нарын гэр бүл тодорлоо. Ам бүл 11-үүлээ, есөн хүүхэдтэй энэ өнөр бүлийн дөрөв нь ихэр юм.











“Цагийн хүрд” хөтөлбөр өнгөрөгч нохой жилийн баатруудаа тодрууллаа | ||
Үзсэн: 2389 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.