
УИХ-ын ээлжит бус чуулганы энэ сарын 22-ны үдээс хойших нэгдсэн хуралдаан Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Төсвийн байнгын хорооноос дэмжсэн, дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй санал хураалтаар үргэлжлэв.
Тухайлбал, төслийн 7 дугаар зүйлд 7.2, 7.3 дахь буюу Монгол Улсын татварын 29 төрлийг нарийвчлан заасан хэсэг нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.4 хувь нь дэмжсэн. Гэхдээ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Билэгтийн гаргасан “татварын төрлөөс малын тоо толгойн албан татвар авахаар зохицуулсныг хасах шаардлагатай” гэснийг Ажлын хэсгийнхэн анхааралдаа авахаар болов.
Түүнчлэн төсөлд 8 дугаар зүйл буюу татварын хувь, хэмжээг тодорхой тогтоосон хэсэг нэмэх, төслийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг “Татварын хяналт шалгалтын үеэр дор дурдсан нөхцөл бүрдсэн нь тогтоогдсон боловч хуулиар заасан арга хэмжээг хэрэгжүүлэн татварыг нөхөн ногдуулах боломжгүй бол татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг хэрэгжүүлэх эрхтэй байна” гэж өөрчлөн найруулж, 15.7, 15.8 дахь хэсгийг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Мөн төслийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг “санхүүгийн байгууллага гэж энэ хуулийн 17.1.4-т заасан хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор тодорхойлсон банк, банк бус санхүүгийн кастодиан, хадгаламж, хөрөнгө оруулалтын болон даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүнээс бусад этгээдийг” гэж өөрчлөн найруулахыг, төслийн 18 дугаар зүйлд “18.5.Энэ хуулийн 18.3-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн болон хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Төслийн 25 дугаар зүйлийн 25.9 дэх хэсгийн “орлого олох зорилгоор” гэснийг хасан, 25.10. дахь хэсгийг “Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч, Монгол Улсын иргэн нь гадаад улсад байгуулсан хуулийн этгээдийн нэр, хаягийг тухайн татварын жилд багтаан татварын албанд мэдэгдэх үүрэгтэй” гэж өөрчлөн найруулах, төслийн 26 дугаар зүйлийн 26.1.1. дэх заалтыг “татвар төлөгчийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, хүүхэд, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ, эхнэр (нөхөр) болон хамтран амьдрагч тэдгээрийн эцэг эх, төрсөн ах, эгч, дүү” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Харин төслийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсгийн “тэрхүү нөхцөл байдлаас бий болсон бодит зардал, хохирол, алдагдалтай тэнцэх хэмжээгээр хязгаарлан”, гэснийг хасаж, 52.9 дэх хэсгийн “татвар төлөгчид” гэсний дараа “ажлын 10 өдрийн” гэж нэмж, үүнтэй уялдуулан 62 дугаар зүйлд “62.8.Өртэй татвар төлөгч татварын өрөө бүрэн барагдуулсан, эсхүл энэ хуулийн 52 дугаар зүйлд заасан татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдэлсэн тохиолдолд татварын алба хөрөнгийг битүүмжлэх актыг хүчингүй болгоно” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Мөн төслийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийг “Татварын алба татварын өрийг хураах үйл ажиллагааг дараах дарааллын дагуу хэрэгжүүлнэ: 54.2.1.нэхэмжлэл хүргүүлэх; 54.2.2.татварын өрийг үл маргах журмаар гаргуулах; 54.2.3.бэлэн мөнгө хураах; 54.2.4.хөрөнгө болон авлага битүүмжлэх; 54.2.5.битүүмжилсэн хөрөнгийг хураах; 54.2.6.битүүмжлэн хураасан хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх; 54.2.7.орлогыг хуваарилах” гэж өөрчлөн найруулж, “54.3.Татварын өрийг бүрэн хураах зорилгоор энэ хуулийн 54.2-т заасан ажиллагааг давхардуулан явуулж болно” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.4 хувь нь дэмжсэн.
Түүнчлэн төслийн 66 дугаар зүйлд “66.8.Авлага битүүмжилсэн хугацаанд өртэй татвар төлөгч гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулах, дуусгавар болохыг хориглоно” гэж, төслийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.4, 70.8 дахь хэсгийг хасч, мөн зүйлд дор дурдсан агуулгатай төслийн 70 дугаар зүйлд “70.2. Татвар төлөгч өөрийн ногдуулсан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүйн улмаас татварын өр, хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй нөхөн ногдуулалтын актын өр, эсхүл нөхөн ногдуулалтын актад гаргасан гомдлын дагуу төлөхөөр Маргаан таслах зөвлөлөөр болон шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн татварын өрийг татварын алба битүүмжилсэн хөрөнгө, энэ хуулийн 52.6, 52.7, 52.8-д заасан барьцааны зүйлээс Иргэний хуулийн холбогдох заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаа зохион байгуулж, эсхүлд мөн хуульд заасан журмын дагуу шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлнэ” гэсэн хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нарын зүгээс хуулийн төслийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсгийг “Татварын алба энэ хуулийн 70.2-д заасан хөрөнгийн дуудлага худалдааны үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу тогтооно” гэж, төслийн 70 дугаар зүйлийн 70.6 дахь хэсгийг “Тухайн татвар төлөгч болон татварын улсын байцаагч, татварын албаны ажилтан мөнгөн хэлбэрт шилжүүлэх хөрөнгийг шууд болон шууд бус байдлаар худалдах эрхгүй” гэж 70.4 болгож өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Дараа нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дампуурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай есөн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Тухайлбал, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай, хуулийн төслийн 4 дүгээр зүйл “2019 оны … дугаар сарын …. ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль (Шинэчилсэн найруулга)-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулах, төслийн 5 дугаар хэсгийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.
Түүнчлэн төсөлд “Энэ хуулийн 3,4 дугаар зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртлэх хугацаанд 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн дагуу үргэлжлүүлэн, хянан шийдвэрлэнэ” гэсэн 10 дугаар зүйл, “Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж шинээр 11 дүгээр зүйл нэмэх Ажлын хэсгийн санал дэмжигдэв.
Мөн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд заасан 11.19 дүгээр зүйлд “8.3 энэ хуулийг 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн хэсэг нэмэх Ажлын хэсгийн санал дэмжигдлээ.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “удаа дараа” гэснийг “хоёр ба түүнээс дээш удаа зайлсхийсэн, зугтсан” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “15.3.5.албан татвар төлөгчийн импортлосон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварт хамаарахгүй” гэснийг 15.5 дахь хэсэг болгон “Албан татвар төлөгчийн импортлосон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татвар энэ хуулийн 15.2 дахь хэсэгт хамаарахгүй” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Ингээд Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ | ||
Үзсэн: 850 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.