Шууд Chart

Нарны эрчим хүч хөгжүүлэх хувийн хэвшлийн төслийг АХБ дэмжинэ

2019-03-23 09:31:30

Энэ оны 3 дугаар сарын 20-ны өдөр Азийн хөгжлийн банк (АХБ) ба Азийн дэд бүтцийн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын сан буюу Leading Asia’s Private Infrastructure Fund (LEAP) хамтран, Тэнүүн гэрэл констракшн (ТГК) компани болон Сермсанг Пауэр Корпорейшн Паблик Компани Лимитед компанитай 18.7 сая ам.долларын зээлийн гэрээ байгууллаа. Тус гэрээгээр төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлэх 15 мегаватт (МВт)-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барьж, ажиллуулах юм.

ТГК компанитай байгуулж буй Сермсанг–Хөшигийн хөндийн нарны станцын энэхүү төсөл нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт АХБ, LEAP сангийн хамтран олгож буй анхны санхүүжилт болж байна. Ази тивийн хувийн хэвшлийг дэмжих Канадын Цаг Уурын сангаас энэхүү төслийн анхан шатны санхүүжилтийг дэмжих техникийн туслалцааны буцалтгүй тусламжийг олгосноор АХБ-наас Монгол Улсын хувийн хэвшилд нарны эрчим хүчний чиглэлээр хийх анхны санхүүжилтийг эхлүүлэх боломжтой болсон юм.

Зүүнээс: АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн, АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын Ерөнхий Захирал Майкл Барроу, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА) Хувийн хэвшлийн түншлэл, санхүүгийн газрын Ерөнхий захирал Микио Хатаэда, Шарп Энержи Солюшнс Корпорейшн компанийн Гүйцэтгэх захирал бөгөөд Тэнүүн гэрэл констракшн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Тацуя Сато, Тэнүүн гэрэл констракшн компанийн Гүйцэтгэх захирал С. Одбаатар, Сермсанг Пауэр Корпорейшн Паблик компанийн Гүйцэтгэх захирал Варут Туммаваранукуб

“Уг төсөл нь Монгол Улсын хуурай, хүйтэн уур амьсгалд тохируулан хувийн хэвшлийн боловсруулсан техникийн шийдлүүдийг хослуулж буйгаараа ихээхэн онцлогтой” хэмээн АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын захирал ноён Майкл Барроу хэлээд, “Япон болон Тайланд улсуудын нарны цахилгаан станц барьж байгуулах, ажиллуулах дэвшилтэт технологи, үйл ажиллагааны туршлагыг дотоодод нутагшуулж байгаа нь төсөл амжилттай хэрэгжих нөхцөл болно.” хэмээн тэмдэглэв.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшигийн хөндийд байрлах нарны цахилгаан станцын барилга угсралтын ажил хийгдэж дууссан бөгөөд тус станц нь Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээний 80 гаруй хувийг хангадаг Төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх юм.

Нарны эрчим хүчний энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад жилд 22.3 сая киловатт цагийн цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, нүүрстөрөгчийн жилийн ялгаруулалтыг 26,400 тонноор бууруулна. Түүнчлэн, эрчим хүчний салбарын суурилуулсан нийт хүчин чадал дахь сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2017 оны 12 хувиас 2023 онд 20 хувь, 2030 онд 30 хувьд тус тус хүргэх засгийн газрын зорилтын биелэлтэд тодорхой хувь нэмэр оруулна. Эрчим хүчний цэвэр эх үүсвэр рүү шилжсэнээр Монгол Улсын хувьд цахилгааны импортыг багасгах, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой. Монгол Улсын эрчим хүчний салбарт нүүрс ашигладаг цахилгаан станц давамгайлж байгаа бөгөөд тэдгээр нь нүүрстөрөгчийн нийт ялгаруулалтын 60 гаруй хувийг эзлэж байна.

TГК компанийн хувьцаа эзэмшигчид нь Тайланд Улсын Сермсанг Пауэр Корпорейшн Паблик Компани Лимитед, Япон Улсын Шарп Энержи Солюшнс Корпорейшн болон Монгол Улсын АМОЕ Солар ХХК ба Эс Эйч Энержи Солюшн ХХК нар юм.

Сермсанг Пауэр Корпорейшн Паблик Компани Лимитед компанийн Гүйцэтгэх захирал ноён Варут Туммаваранукуб, “Сермсанг Пауэр Корпорейшн компанийн хувьд энэ төсөл нь Ази тив дэх сэргээгдэх эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалтын томоохон түүхийг эхлүүлээд зогсохгүй экологийн хувьд ээлтэй, тогтвортой төсөл хэрэгжүүлэхэд чиглэсэн бидний үзэл баримтлалын нэгээхэн илрэл болж байна. Энэхүү түүхэн төсөлд маань АХБ-наас итгэл үзүүлж буй нь бидний хувьд нэр төрийн хэрэг мөн” хэмээн тэмдэглэв.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшигийн хөндийд байрлах 15 мегаваттын хүчин чадал бүхий “Сермсанг–Хөшигийн хөндий” нарны цахилгаан станцын зураг

Шарп Энержи Солюшнс Корпорейшн компанийн Гүйцэтгэх захирал бөгөөд ТГК компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ноён Тацуя Сато, “Бид АХБ ба LEAP сангийн тусламжтайгаар энэхүү томоохон төслийг хэрэгжүүлэн,  Монгол улсын төвийн бүсэд цэвэр эрчим хүч нийлүүлж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах үйл хэрэгт хувь нэмэр оруулах болсондоо туйлын баяртай байна” хэмээн ярилаа.

Ази, Номхон далайн бүс нутагт АХБ-ны дэмжлэгтэй хэрэгжиж буй дэд бүтцийн төслүүдэд дутагдаж буй санхүүжилтийг нөхөх, тэдгээр төслүүдэд олгох санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор 2016 онд байгуулагдсан LEAP санг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА санхүүжүүлдэг бөгөөд үйл ажиллагааг нь АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газар удирддаг.

Канадын Засгийн газрын дэргэд 2013 онд байгуулагдсан Ази тивийн хувийн хэвшлийг дэмжих Канадын Цаг Уурын сан нь Ази тивд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн хувийн хэвшилийн төслүүдэд хөнгөлөлттэй хосолмол санхүүжилт болон техникийн туслалцааны буцалтгүй тусламж олгодог. Тус сангийн үйл ажиллагааг Цэвэр эрчим хүчний санхүүжилтийн түншлэлийн хэрэгслийн хүрээнд АХБ удирдан явуулдаг.

Сайн сайхан ирээдүйн төлөө байгаль орчинд ээлтэй, тогтвортой эрчим хүчний үйлдвэрлэл эрхлэх зорилготойгоор Тайланд Улсын Бангкок хотноо 2015 онд байгуулагдсан Сермсанг Пауэр Корпорейшн Паблик Компани Лимитед нь Ази тивд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагаа явуулдаг.

Шарп Энержи Солюшнс Корпорейшн компанийн толгой компани болох Шарп Корпораци анх 1912 онд Япон Улсын Осака хотноо байгуулагджээ. Дэлхийд тэргүүлэгч электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэгч тус компани нь өөрийн шинэлэг, дахин давтагдашгүй технологийн тусламжтайгаар даян дэлхийн хүн төрөлхтөний соёл иргэншил, амар амгалан оршихуйд хувь нэмэр оруулах эрхэм зорилготой.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. 2018 онд АХБ-наас 21.6 тэрбум ам.доллартай тэнцэх шинэ зээл, тусламжийг үзэглэжээ. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог гэж Азийн хөгжлийн банкнаас мэдээллээ.


Нарны эрчим хүч хөгжүүлэх хувийн хэвшлийн төслийг АХБ дэмжинэ  
Үзсэн: 3184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Robin Hood Paradox [127.0.0.xxx] 2019-03-28 09:34
Монголын фотоволтай эрчим хүчний борлуулалт (0.173USD / кВт.ц, 0.16 ам.доллар / кВт.ц) нь хэт өндөр байна.
Robin Hood Paradox [127.0.0.xxx] 2019-03-28 09:34
Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хэрэгцээнийхээ 100% -ийг хангахын тулд олон тооны нэмэлт салхи, нарны аж ахуйг байгуулах шаардлагатай эсвэл эрчим хүчний хэмнэлтийг өргөтгөх шаардлагатай боловч өнөөгийн үнэтэй харьцуулахад үнэтэй байдаг. Үүнээс гадна, гол асуудал бол нарны гэрэл, салхи мөнх байх боломжгүй юм. Зөвхөн энергийн эх үүсвэрүүд дээр тулгуурлан нарны болон салхин цахилгаан станцыг барихын тулд илүү нарийхан, салхитай үед илүүдэл энергийг бий болгох, барьж байгуулах барилга барих шаардлагатай болно. Хэт их хадгалах систем нь цаг, хэдэн долоо хоногт цахилгаанаар ажилладаг. Өөр нэг боломж бол шаардлагатай бол бүх нутаг дэвсгэрт цахилгаан дамжуулах чадвартай алсын зайн дамжуулах шугамыг бий болгох явдал юм.
Robin Hood Paradox [127.0.0.xxx] 2019-03-28 09:26
Ногоон эрчим хүч: Ядуу хүнээс хулгай хийж, баян хүмүүст өгдөг.
huwi [127.0.0.xxx] 2019-03-25 10:29
huwi hun hij boloh uu Japand ail bur uildwerlegch bolj boldog yum bn lee ulsdaa uduriin tsagt zardag shuniin tsagt awdag
Зочин [127.0.0.xxx] 2019-03-25 09:40
Уншихад их хэцүү гарчиг байна. Нарны эрчим хүчний системийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог Азийн хөгжлийн банк дэмжинэ.
бямба [127.0.0.xxx] 2019-03-23 11:59
наад нар, салхины эрчим хүчний үнэ өндөр, үнийн зөрүүг нь хэрэглэгч бид төлнө гэхээр бас л хэцүү байна. Гэхдээ томоор харвал байгал орчиндоо хэрэгтэй юм даа.

Бидэнтэй нэгдээрэй