Шууд Chart

ЗТЯ: Саудын Арабын Хаант Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2025-07-16 13:46:38

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.07.16) Саудын Арабын Хаант Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий газрын дарга Абдулазиз Абдулла А. Алдуалейж, дэд дарга Ражаб, Али Мохаммед А тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Зам, тээрийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсад айлчлан ирж, тэр тусмаа манай улсын Зам, тээврийн яаманд зочлон ирж хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол бүхий Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурж байгаад талархал илэрхийллээ. Хоёр улсын Засгийн газар хооронд Агаарын харилцааны хэлэлцээр байгуулж байгаа нь Монгол Улс, Саудын Арабын хаант улсын  цаашдын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал алхам болж байгааг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр мөн Монгол Улсын Засгийн газар, ЗТЯ-наас  агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг хэлээд, өнөөдрийн байдлаар Монгол Улс 48 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулаад байгаа талаар  танилцууллаа.  

Уулзалтын хүрээнд “Манай хоёр орны хооронд агаарын харилцааны хэлэлцээр байгуулснаар Монгол Улс болон Саудын Арабын Хаант Улс хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдэж, агаарын тээврийн зах зээлийг Ойрх Дорнодын бүс нутаг руу өргөжүүлэх, шинээр нислэгийн чиглэл нээж, хоёр улсын агаарын тээврийн харилцаа, цаашдын худалдаа эдийн засаг, аялал жуулчлалыг өргөжүүлэхэд олон талын ач холбогдолтойг онцлов.

Талууд  Монгол Улс, Саудын Арабын Хаант Улс хооронд хамтын ажиллагааг хоёр улсын бүхий л салбарт гүнзгийрэн хөгжихын төлөө хамтран нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Тэр дундаа иргэний нисэхийн салбарт транзит тээвэр, зорчигч ачаа тээврийн үйлчилгээг өргөжүүлэх, мөн ИНЕГ-ын аюулгүй байдал, хамгаалалт, олон улсын нисэх буудлын зөвлөн туслах үйлчилгээ, туршлага солилцох, хамтран ажиллах боломжууд, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжуудын тухай ярилцлаа.

Саудын Арабын Хаант Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий газрын дарга Абдулазиз Абдулла А. Алдуалейж  хэлэхдээ энэхүү хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр нь манай хоёр улсын найрсаг харилцаа, эдийн засаг, аялал жуулчлал, иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэн гүнзгийрүүлэхэд түүхэн чухал ач холбогдолтой бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллах болно гэв.


ЗТЯ: Саудын Арабын Хаант Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй