Шууд Chart

АСЕМ гэж юу вэ

2016-01-15 15:13:17

“АСЕМ” буюу “Ази-Европ” чуулга уулзалтад эгнээндээ зүүн ази болон европын орнуудыг багтаасан олон улсын байгууллага. АСЕМ-д дэлхийн худалдааны 2/3, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувийг эзэлдэг 51 орон, Европын комисс, АСЕАН-ны нарийн бичгийн дарга нарын газар гэсэн олон улсын 2 байгууллага багтдаг.

“Ази-Европ” анхны чуулга уулзалтыг 1996 онд Франц болон Сингапурын санаачлагаар зарлан хуралдуулж байсан. 2015 оны 12-р сарын байдлаар дараах улс орнууд АСЕМ-ын гишүүн байна.


Дээд хэмжээний уулзалтын товчоон:

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг тэгш тоотой онуудад хийж, гишүүн орны төр, засгийн тэргүүн нар оролцдог.

  •     1996 АСЕМ 1. Бангкок,  Таиланд
  •     1998 АСЕМ 2. Лондон, Их британи
  •     2000 АСЕМ 3. Сөүл, БНСУ
  •     2002 АСЕМ 4. Копенгаген,  Дани
  •     2004 АСЕМ 5. Ханой, Вьетнам
  •     2006 АСЕМ 6. Хельсинки, Финланд

Энэ уулзалтаар Монгол, Энэтхэг, Пакистан  улс АСЕМ-ын цаашдын чуулга уулзалтад оролцох урилга авчээ.

  •     2008 АСЕМ 7. Бээжин, БНХАУ
  •     2010 АСЕМ 8. Брюссель, Бельги
  •     2012 АСЕМ 9. Вьентьян, Лаос
  •     2014 АСЕМ 10. Милан, Итали

Дээд хэмжээний уулзалтаас гадна олон улсын харилцаа, эдийн засаг, санхүү, хүрээлэн буй байгаль орчин, боловсролын асуудал эрхэлсэн сайд нарын түвшний дагалдах уулзалт болдог. Уулзалтад холбогдох салбарын сайд нар оролцдог.

АСЕМ-ын гишүүн орнуудыг танилцуулж байна: Австрали

Австрали улс

Албан ёсны бүтэц нь Австралийн холбоо. Дэлхийн бөмбөрцөгийн өмнөд хэсэгт орших Австрали тив, Тасманы арал, Номхон болон Энэтхэгийн далайд орших хэд хэдэн арлыг эзэмшдэг улс. 7 сая 692 мянга 24 шоо километр газар нутагтай. Австрали улс газар нутгийн хэмжээгээр ОХУ, Канад, БНХАУ, АНУ болон Бразилийн дараа дэлхийд 6-д ордгоос гадна манай дэлхийн хуурай газар нутгийн 5 хувийг эзэлдэг.

Нийслэл нь Канберра хот. Нийслэлийн асуудалд австраличууд дунд багагүй маргаан байдаг, ихэнх нь Сидней хотыг Австралийн нийслэл гэж андуурах явдал их бий. Иймээс сүүлийн үед австраличууд дунд Сидней хотыг нийслэл болгоё гэх хандлага ихээр бий болсон. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 6-д ордог. 2016 оны 1 дүгээр сарын 13-ны байдлаар Австрали улсад 24 сая 135 мянга 257 хүн оршин сууж байна.

Хүн амын ихэнх нь Австрали тивийн зүүн эргийн хотуудад амьдардаг. Австрали тивийн уугуул оршин суугчид болох абориген-уудын эзлэх хувь жил ирэх тусам улам бүр багасч байгааг хүн ам судлалын мэргэжилтнүүд хэлдэг. Австралийн уугуул оршин суугч болох аборигенууд тус тивд 40-60 мянган жилийн өмнө, зарим тоо баримтаар 70-аад мянган жилийн өмнө бий болжээ.

Тэгээд ч хүмүүс Австрали тивд далай тэнгисээр ирсэн түүхтэй, тэр үед Шинэ Гвиней, Тасмани арал тивийн нэг хэсэг байсан. 42-46 мянган жилийн өмнөөс анхны хүмүүс Австрали тивд ирж, оршин сууж эхэлсэн. Австрали улс хөгжингүй орнуудын нэг, эдийн засгийнхаа хэмжээгээр дэлхийд 13-т ордог ийм улс бөгөөд нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд 6-д ордог. Австрали улс батлан хамгаалах салбарын зардлын хэмжээгээр дэлхийд 12-т ордог. Хүний оюун ухаан, чадамжийн хөгжлийн индексээр Австрали улс дэлхийд 2-т ордог, иймээс тус улс амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн эрх чөлөө, иргэний эрхийг хамгаалах, улстөрийн эрх, эрх чөлөө гэх салбарт дэлхийд дээгүүрт ордог ийм улс юм.

Австрали улс нь “их 20”, Дэлхийн худалдааны байгууллага, Ази, номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, НҮБ, Британий хамтын нөхөрлөлийн орнууд, Номхон далайн арлуудын холбооны гишүүн юм. Австрали улс Хамтын нөхөрлөлийн гишүүн, энд засаглалын “бүгд найрамдах” хэлбэрийг баримтлагчдын байр суурь нэлээд хүчтэй, өөрөөр хэлбэл давамгайлдаг гэсэн үг. 1900 онд хатан хаан Викториягийн баталсан Үндсэн хууль хууль эрх зүйн гол баримт бичиг нь болдог.

Их британий хатан хаан 2-р Елизавета албан ёсоор төрийн тэргүүн гэж тооцогддог ч гэлээ Австралийн гүйцэтгэх засаглалын салаа мөчрийг ерөнхий сайд тэргүүлэн удирддаг. Английн хатан хаан Австралийн амбан захирагч гэж хүнийг томилдог, энэ хүн хямрал үүсэх тохиолдолд улс орны хэрэгт хөндлөнгөөс оролцох эрхтэй, энгийн үед бэлэг тэмдгийн чанартай албан хашдаг ийм хүн юм. Амбан захирагч Австрали улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, өөрөө хэлбэл энэ албан тушаалд хатан хааныг төлөөлж байна гэсэн үг юм.

Австрали улс хоёр танхимтай Холбооны парламенттай, дээд танхим болох Сенат 76 гишүүнтэй бол доод танхим болох Төлөөлөгчдийн танхим 150 гишүүнтэй. Доод танхимын гишүүдийг нэг мандаттай тойргоос 3 жилийн хугацаагаар сонгодог, Австралийн муж бүр парламентад 5-аас доошгүй төлөөлөлтэй байдаг байна. Гадаад бодлогын хувьд Австрали улс АНУ болон Шинэ Зеландтай нягт харилцаа холбоотой байж ирсэн, тэгээд ч 1996-2007 онд засгийн эрх барьж байсан ерөнхий сайд Жон Говардын засгийн газар тус улсын уламжлалт холбоотон гэгддэг АНУ, Их британи улстай харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх, хөгжүүлэх бодлого хэрэгжүүлснээр Австрали улс НҮБ-ын хүрээнд хийгддэг олон улсын олон талт хүч чармайлтад оролцох байр сууриа сулруулсан түүх бий.

Байгалийн нөөц. Австралийн гол, үндсэн байгалийн баялаг бол эрдэс. Тус улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд 6-д ордог, мөн энд марганц, алт, алмазын нэлээд их нөөц бий. Мөн улс орны далайн эрэг орчмын зарим газруудад нефть, байгалийн хийн нөөц илэрсэн. Австрали тивд төмрийн хүдрийн нөөц их байсан, 20-р зууны 60-аад онд төмрийн хүдрийг маш ихээр олборлож байлаа. Уур амьсгал. Австралийн цаг агаарт далайн урсгалууд маш их нөлөөлдөг, энэ бүгдээс үүдээд жил бүр хур тундасны хэмжээ чнз бүрээр өөрчлөгдөж байна.

Австрали тивийн газар нутгийн дөрөвний гурав нь элсэн цөл, тивийн хойд хэсгээр халуун орны усархаг бороо орох тохиолдол их бий. Австрали тивийн бас нэг онцлог гэвэл энэ тив хонь маш их үржүүлдэг, Австрали хонины ноос чанарын хувьд дээгүүр ордог тул дэлхийн зах зээл дээр эзлэх байр суурь нь ч гэсэн үүнийгээ дагаад өндөрт ордог. Бас нэг амьтан бол дэлхийд өөр хаана ч байдаггүй кенгуру юм, энэ амьтан Австрали тивийн бэлэг тэмдэг болж явдаг.

Нийтэлсэн: Т.Цогтоо

АСЕМ гэж юу вэ  
Үзсэн: 13236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй