
Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өнгөрсөн нэгдүгээр сард Нью-Йорк хотод IBO, WBC холбооны аварга асан Доминиканы боксчин Марреротой тулалдаж, шүүгчдийн саналаар ялалт байгуулсан.
Энэ ялалт түүнд мэргэжлийн боксын анхны цолыг нь авчирсан билээ. Мэргэжлийн боксын ертөнцөд “Хаан Төгсөө” нэрээр цахиур хагалж яваа Н.Төгсцогт мэргэжлийн боксын 57,2 кг буюу хагас хөнгөн жинд IBO-ийн Дэлхийн аваргын бүсийг эзэмших болсон.
IBO холбоо мэргэжлийн боксын гол дөрвөн холбоонд тооцогддоггүй ч Марреротой хийсэн тоглолт аваргын бүсээс гадна WBC холбооны 57,2 кг-ийн жингийн аварга АНУ-ын Гэри Расселлтай аваргын бүсийг нь булаан авахын төлөө тоглох эрхийн шагналтай байлаа. WBC холбооноос энэ талаар албан ёсоор зарласан тул Гэри Рассел манай боксчинтой тулалдахаас өөр аргагүй болсон юм.
Гэвч Гэри Рассел аваргын бүсээ хамгаалах тулаанаа манай боксчинтой хийхгүй гэжээ. Рассел 2014 онд Украины Ломаченкод ялагдсаныхаа дараа 2015 онд Жонни Гонсалесийг ялж, WBC холбооны аварга болсон. Түүнээс хойш гурван удаа бүсээ хамгаалахдаа гурван жил зарцуулсан буюу өөрөөр хэлбэл жилд нэг л тулалдаж байгаа тамирчин. Тэр хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сард Жозеф Диастай 12 үе тулалдан, бүсээ хамгаалсан. Энэ удаагийн “жилийн амралт” нь ч дууссан. Харин Гэри Рассел дөрөвдүгээр сарын 27-нд Испанийн Кико Мартинестэй тоглох болсон талаар зарим хэвлэл мэдээллэж эхлээд байгаа юм.
Н.Төгсцогт энэ талаар албан ёсоор мэдээлээгүй байгаа ч ирэх тавдугаар сард тулаан хийх нь хэвээр байгаа гэнэ. Гэхдээ хэнтэй гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Н.Төгсцогт ирэх тавдугаар сард ээлжит тулаанаа хийнэ | ||
Үзсэн: 640 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.