Шууд Chart

Төв аймагт "Монгол Улсын Төрийн дуулал"-ын гэрэлт хөшөө сүндэрлэнэ

2019-04-18 11:56:07

Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна.

Тэртээ 1950 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Төрийн дуулалтай болохоор хөгжмийн зохиолчдын дунд уралдаан зарлажээ. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс Л.Мөрдоржийн ирүүлсэн бүтээлийн эхлэл, Б.Дамдинсүрэнгийн ирүүлсэн бүтээлийн төгсгөлийг нийлүүлж “Монгол улсын төрийн дуулал”-ын ая бүтсэн түүхтэй. Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнд тус аялгуунд тохирсон үг бичих даалгавар оноогдож 1950 оныг хүртэл төрийн дуулалгүй явсан Монгол улс тухайн оны 4 дүгээр сарын 26-ны өдөр албан ёсны “Төрийн дуулал”-ыг эгшиглүүлэх болсон.

Суут хөгжмийн зохиолчдынхоо хийж бүтээсэн их үйлсээр бахархах, хойч үедээ таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Аймгийн ЗДТГ, Монгол туургатан театр хамтран 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дараах арга хэмжээг зохион байгуулах юм. 

- Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын бүтээл “Монгол улсын Төрийн дуулал”-ын гэрэлт хөшөөний шав тавих ёслолын арга хэмжээ

- Монгол Улсын Консерватор, Монгол туургатан театрын уран бүтээлчдийн хамтарсан “Хүндэтгэл”-ийн концерт

- Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын “Алдарын танхим”-ын нээлтийн арга хэмжээ

- Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Их зохиолч Д.Нацагдорж нарын уран бүтээл “Учиртай гурван толгой” дуурь тоглоно. 


Төв аймагт "Монгол Улсын Төрийн дуулал"-ын гэрэлт хөшөө сүндэрлэнэ   
Үзсэн: 891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй