
Их Британийн Сассексийн гүн Харри, гүнгийн ахайтан Меган Маркл нар шинээр мэндэлсэн хүүдээ Арчи Харрисон Маунтбеттен-Виндзор хэмээх нэр хайрлажээ. Ийм өвөрмөц нэрийг мөрий тавьсан нэг ч хүн таагаагүй байна. Иргэд ихэвчлэн Александр, Артур, Альберт зэрэг нэрнээс сонгожээ.
Арчи гэдэг нь “зоригтой”, “баатарлаг” гэсэн утгатай бөгөөд АНУ-аас илүү Их Британид хамгийн их хэрэглэгддэг нэр юм байна. Өнгөрсөн 2017 онд л гэхэд Их Британид төрсөн 2800 хүүд Арчи гэдэг нэр өгчээ.
Арчи гэдэг нэр нь Их Британийн хааны гэр бүлд огт байгаагүй нэр бөгөөд Харрисон гэдэг нэр ч орж байгаагүй гэнэ. Арчи гэдэг нь Арчибальд гэдэг нэрийн товчлол хэдий ч өнөөдөр энэ нэрийг хүүхдүүддээ товчилсноор нь өгөх нь нэмэгджээ. Сассексийн гүн, гүнгийн ахайтан нар ч хүүдээ Арчи гэдэг товчилсон нэрийг нь хайрласан байна.
Шинээр мэндэлсэн хүүгийн нэрийг хатан хаан II Элизабет, Эдинбургийн гүн нар Виндзорын шилтгээнд айлчилсны дараа зарласан юм. Харри, Меган нар хүүдээ нэр өгөхдөө цол нэмж өгөхгүй байхаар шийдвэрлэжээ. Уг нь Арчид лорд Арчи Маунтбеттен-Виндзор гэх цол хайрлах байсан бол одоо зүгээр л ноён Арчи Маунтбеттен-Виндзор гэж дуудахаар болж байгаа юм.
Хунтайж Харригийн хүүд Арчи Харрисон Маунтбеттен-Виндзор хэмээх нэр хайрлажээ | ||
Үзсэн: 600 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.