
Сингапур улсын парламент Хуурамч мэдээлэлтэй тэмцэх тухай хууль баталлаа. Энэ хуулийн дагуу төрийн байгууллагууд өөрсдийн хүссэнээр бүхий л интернэт талбараас хуурамч гэж үзсэн ямар ч мэдээллийг устгах эрхтэй болж байгаа юм. Хуулийн төслийг хоёр хоногийн турш хэлэлцэж, санал хураалт өнгөрсөн шөнө болж дууссан гэж пүрэв гарагт “Страйтс таймс” сонинд мэдээлжээ.
“Интернэтэд хуурамч мэдээлэл, заль мэх тархахаас хамгаалах тухай хууль нь эрх баригч нам засаглалаа бэхжүүлэх гэсэн улс төрийн хэрэгсэл биш болно. Энэ бол Сингапурт байх ёстой нийгмийг бүрдүүлэх гэсэн арга” гэж Сингапурын Дотоод хэрэг, хууль зүйн сайд Шанмугам мэдэгдсэн байна. Түүний хэлснээр шинэ хууль нь Засгийн газарт интернэтэд тархаж, хэдхэн минутын дотор засч болзошгүй хор хохирол учруулах худал хуурмагтай тэмцэх хэрэгсэл болох гэнэ.
Сөрөг хүчний зүгээс шүүх байгууллагууд л аливаа мэдээллийг устгахыг шаардах эрхтэй болох ёстой гэж шаардсан байна. Үүнийг Шангуман тайлбарлахдаа “Энэ тохиолдолд хэд хоног шаардлагатай болно. Гэтэл хохирлыг бууруулахын тулд тэр даруйд нь арга хэмжээ авах ёстой” гэж мэдэгджээ.
Хуулиар мөн хуурамч мэдээллийг санаатайгаар тараасан этгээдэд эрүүгийн хариуцлага ногдуулахаар заасан байна. Ингэхдээ хамгийн дээд тал нь 10 жил хорих ял, түүнчлэн нэг сая хүртэлх сингапур доллараар торгоно гэжээ.
Харин “Хьюмэн Райтс Вач”-ийн төлөөлөгчид Сингапурын засаг захиргааг энэ шинэ хуулиа хэрэгжүүлэхээс татгалзахыг уриалж байна. Энэ нь хэтэрхий өргөн хүрээтэй, хүний үг хэлэх эрх чөлөөнд заналхийлсэн үйлдэл боллоо гэжээ.
Сингапурын засаг захиргаа мэдээллийн үнэн мөнийг яг ямар шалгуураар тогтоох тодорхойлолт энэ хуульд алга гэж хүний эрхийг хамгаалагчид тэмдэглэсэн байна.
Сингапур улс Хуурамч мэдээлэлтэй тэмцэх тухай хууль баталлаа | ||
Үзсэн: 777 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.