
Венесуэлийн Үндэсний ассамблейн халдашгүй эрхээ хасуулсан гурван гишүүн пүрэв гарагт Каракас хот дахь Элчин сайдын яамдаас улс төрийн орогнол хүссэн байна.
Марианеле Магалланес Лопес, Америко де Грациа нарын гишүүд Италийн Элчин сайдын яаманд хоргодож байгаа бол Ричард Бланко Дельгадо Аргентины Элчин сайдын яаманд байна. Парламентийн энэ гурван гишүүн амь насанд нь аюул заналхийлэл учрахаас болгоомжилж, ийм шийдвэр гаргажээ.
Лхагва гарагт Ерөнхийлөгч Николас Мадурогийн сөрөг хүчний хяналтад байдаг Венесуэлийн парламентаас нэгдүгээр дэд дарга Эдгар Самбраног нь саатуулсан тухай мэдээлсэн юм. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо дэд даргыг Венесуэлийн тусгай албаныхан хулгайлсан байж магадгүй гэж мэдэгдсэн байна.
Мягмар гарагт Венесуэлийн Үндсэн хуулийн ассамблейгаас Үндэсний ассамблей буюу парламентийн сөрөг хүчний долоон гишүүний халдашгүй эрхийг цуцлах шийдвэр гаргасан билээ. Үүнээс өмнө тус улсын Дээд шүүхээс эдгээр долоон гишүүнийг дөрөвдүгээр сарын 30-ны төрийн эргэлт хийх оролдлоготой холбогдуулан эх орноосоо урвасан, гэмт хуйвалдаан, бослого зохион байгуулсан, бүрэн эрхийг булаах оролдлого хийсэн, бослого тэмцэлд уриалсан, хуулиа сахиагүй, үзэн ядалт төрүүлсэн зүйл заалтуудаар хэрэг үүсгэснээ зарласан байна.
Халдашгүй эрхээ хасуулсан 3 гишүүн улс төрийн орогнол хүсчээ | ||
Үзсэн: 639 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.