Шууд Chart

Бүх нийтийн санал хураалтыг хүчингүйд тооцжээ

2019-05-13 12:06:46

Литва улсад ням гарагт болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад сонгуулийн хоёрдугаар шатыг хоёр долоо хоногийн дараа зохион байгуулах нь тодорхой байна. Энэ сонгуультай хамт давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөх, парламентийн суудлыг 15 хувиар бууруулах бүх нийтийн санал хураалтыг зэрэг явуулсан. Гэвч бүх нийтийн санал хураалтын ирц тун бага байжээ. Үүнийг Литвын Сонгуулийн төв хорооны сайтад байршуулсан саналын тооллого баталж байна.

Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд есөн хүн өрсөлдсөн юм. Нэр дэвшигчдээс 50-иас илүү хувийн санал авсан нь төрийн тэргүүн болох ёстой. Гэтэл өрсөлдөгчдөөс нэг нь ч энэ босгыг даваагүй учир эхний шатанд тэргүүлсэн хоёр нэр дэвшигчийг оролцуулсан хоёрдугаар шатыг зохион байгуулах гэж байна. Хоёрдугаар шатанд эдийн засагч Гитанас Науседа, Сангийн сайд асан Ингрида Шимоните нар өрсөлдөх юм байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатанд сонгогчдын ирц хангалттай байжээ. Сонгогчдын 54 орчим хувь нь Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн. Харин бүх нийтийн санал хураалтад оролцохоос ихэнх нь татгалзсан байна. Тиймээс бүх нийтийн санал хураалтыг хүчингүйд тооцжээ.

Литвын Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын Ерөнхий сайд Саулюс Сквернялис өрсөлдсөн юм. Тэрбээр эхний шатанд ялагдлаа хүлээн зөвшөөрч, Засгийн газрын тэргүүний суудлаа өгнө гэж Үндэсний телевизээрээ мэдэгджээ.

“Санал тооллогын чиг хандлагаас харахад бид ялагджээ. Үүнийг би улстөрч, Ерөнхий сайдын хувьд миний ажилд өгсөн үнэлэлт дүгнэлт гэж үзэж, огцрох хүсэлтээ өгнө” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Литва улсын Ерөнхийлөгчийг таван жилийн хугацаатайгаар нууц санал хураалтаар сонгодог юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Бүх нийтийн санал хураалтыг хүчингүйд тооцжээ  
Үзсэн: 488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй