Шууд Chart

Шинзо Абэгийн Бээжинд айлчлал хийх боломжийг судалж байна

2019-05-13 14:02:40

Япон, Хятад улсын Засгийн газар Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн энэ оны хоёрдугаар хагаст Бээжинд айлчлал хийх боломжийг судалж байна. 

Айлчлал ирэх найм, эсвэл 12 дугаар сард болж магадгүй байна. Хятадын талаас ирэх наймдугаар сард Шинзо Абэ болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарыг оролцуулсан гурван талт уулзалт зохион байгуулах хүсэлтэй байна.

Харин Токиогоос Засгийн газрын тэргүүнийхээ ажлын графикаас шалтгаалан энэ хугацааг хойшлуулах хүсэлтэй байгаа юм. Учир нь наймдугаар сард Францад “Их-7”-гийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт болно.

Хятадын дарга Си Жиньпин ирэх зургаадугаар сард Осака хотноо болох “Их-20”-ийн уулзалтаар Японд айлчлах төлөвтэй байна. Гэсэн ч Японы талаас эзэн хааны ёслолтой холбогдуулан түүнийг Япон улсад төрийн айлчлалаар дахин урих хүсэлтэй байгаа юм. Ингэхийн тулд Шинзо Абэ үүнээс өмнө Хятадад айлчлах шаардлагатай.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн оны 10 дугаар сард Хятадад айлчилсан. Энэ үеэрээ тэрбээр Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян, Хятадын дарга Си Жиньпин нартай уулзсан билээ. Талууд худалдаа, эдийн засгийн хязгаарлалтаа зогсоох замаар хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, гуравдагч орны зах зээлд түншийн холбоогоо бэхжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж, Солонгосын хойгийн асуудалд харилцан байр сууриа зохицуулахаар тохиролцсон юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Шинзо Абэгийн Бээжинд айлчлал хийх боломжийг судалж байна  
Үзсэн: 697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй