
БНХАУ 2019 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-аас импортлох 60 тэрбум ам.долларын өртөгтэй 5000 гаруй бараа бүтээгдэхүүнд хариу гаалийн татвар ногдуулна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Гаалийн хураамжийн хорооноос даваа гарагт гаргасан мэдэгдлээс үзэхэд энэ нь АНУ Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг 10 байсныг 25 хувь болгон нэмэгдүүлсний хариу арга хэмжээ гэнэ.
Энэ мэдэгдэлд “2019 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхлэн АНУ-аас ирэх зарим барааны гаалийн татвар нэмэгдэнэ” гэж дурдсан байна. Тухайлбал, 2493 нэр төрлийн барааны гаалийн татвар 25 хувь хүртэл, 1078 нэр төрлийн барааны гаалийн татвар 20 хувь хүртэл өснө. Мөн 974 нэр төрлийн бараанаас 10, дөрөв дэх бүлгийн 595 төрлийн бараанаас таван хувийн татвар авах юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 10-наас эхлэн Хятадаас импортлох 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг 10 байсныг 25 хувь болгон нэмэгдүүлнэ гэж энэ сарын 5-нд мэдэгдсэн юм. Хятадтай хийх худалдаа, эдийн засгийн хэлэлцээр үнэхээр удаашралтай үргэлжилж байгаа тул ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон гэжээ.
Хэлэлцээр цаашид хэрхэн үргэлжлэхээс энэ татварыг авах, эс авахаа шийднэ гэсэн байна. Түүнчлэн тэрбээр Хятадаас ирэх 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмэгдүүлнэ гэж баасан гарагт шийдвэрлэсэн юм.
БНХАУ ирэх сарын 1-нээс АНУ-аас импортлох 5000 гаруй бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулна | ||
Үзсэн: 513 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.