Шууд Chart

Халдлага үйлдэгчид “Сатаны эх” гэдэг тэсрэх бөмбөг ашигласан гэж дүгнэлээ

2019-05-22 10:05:04

Шри-Ланкад халдлага үйлдэгчид Исламын алан хядах бүлгийн ашигладаг “Сатаны эх” гэдэг тэсрэх бөмбөгийг ашиглажээ гэж мөрдөгчид дүгнэсэн байна.

Христийн сүмүүд, зочид буудлуудад нийт 250 гаруй хүний аминд хүрсэн халдлага гарснаас хойш сар орчмын дараа мөрдөгчид “Энэ халдлагад ашигласан тэсрэх бөмбөгүүд нь халдлага үйлдэгчдийг "Исламын улс" бүлэглэлийнхэнтэй шууд холбоотой байсныг харуулж байна” гэж мэдэгдээд байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 21-ний орой болсон халдлагын үеэр гурван сүм, гурван зочид буудалд дэлбэлсэн тэсрэх бөмбөгүүдийг Шри-Ланкын "Нэйшнэл тавийд Жамат" гэдэг алан хядах бүлгийн жихадистууд хийсэн байна. 

Ингэхдээ тэд "Исламын улс" бүлгийн туршлагаар энэ бөмбөгүүдийг бүтээсэн хэмээн шинжээч мөрдөгчид "Эй Эф Пи" агентлагт ярьжээ. Тэд халдлага болсон газруудаас ацетоны хэт исэл байгааг илрүүлсэн байна. Хүчтэй тэсрэлт үзүүлдэг энэ бодисын хэт ууршимтгай чанараас нь болоод "Исламын улс" бүлэглэл ийм найрлагатай тэсрэх бөмбөгүүдийг “Сатаны эх” гэж нэрлэдэг байна.

Мөн “Энэ төрлийн бодисыг Исламын алан хядах бүлгийнхэн 2015 оны Парисын, 2017 оны Брюсселийн халдлага гэх мэт хэд хэдэн удаа халдлагад ашигласан. Тэд ийм тэсрэх бөмбөг хийхэд ордог түүхий эдийг амархан олох боломжтойгоос гадна үүнийгээ хийх арга технологийг холбоотой зэвсэгт бүлгүүдэд дамжуулахын тулд нүүр тулж уулзсан байх ёстой” гэж мэдэгдсэн байна.

Шинжээч мөрдөгчид Шри-Ланкад болсон халдлагад "Исламын улс" бүлэглэл үүрэг оролцоотой байсан гэдгийг батлах баримт нотолгооны хажуугаар тэд энэ хэрэгт хэр гүн холбоотой болохыг илрүүлэхийг одоо ч хүсч байна гэж Оросын хэвлэлд бичжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Халдлага үйлдэгчид “Сатаны эх” гэдэг тэсрэх бөмбөг ашигласан гэж дүгнэлээ   
Үзсэн: 1037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй