
АНУ-ын Хууль зүйн яам Жулиан Ассанжийг 17 зүйл заалтаар буруутгаж эхэллээ. Түүнийг нууц баримтууд нийтэлсэн, мэдээллийг хууль бусаар авч тараасан, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх мэдээлэл цацсан зэргээр буруутгаж байгаа юм. Тухайлбал, Иран, Хятад, Сирид ажилладаг тагнуулуудын нэрсийг “Викиликс”-т нийтэлсэн гэж үзэж байна.
Харин “Викиликс”-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж АНУ-ын Үндсэн хуулийн өөрчлөлт болох үг хэлэх эрх чөлөөгөөр хамгаалуулна гэжээ. Жулиан Ассанжийг өмнө нь тагнуулын шинжээч асан Брэдли Мэннинг, өдгөө Челси Мэннингтэй Пентагоны компьютерийн сүлжээнд нэвтрэх, нууц мэдээлэл авах зорилгоор хуйвалдсан хэрэгт буруутгаж байсан юм.
Харин одоо түүнийг шинэ зүйл заалтаар буруутгасан нь хэргийн нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөх төлөвтэй байна. Учир нь тэрбээр буруутай нь тогтоогдвол олон жилийн ял эдлэх магадлалтай.
Хууль зүйн яамны албан ёсны төлөөлөгчдийн хэлснээр түүнийг буруутгасан заалт бүрийн шийтгэлийн дээд хэмжээний 10 жил хорих гэнэ. Өөрөөр хэлбэл, Жулиан Ассанж АНУ-д нийтдээ 175 жил хоригдох эрсдэлтэй байна.
Нөгөө талаас Жулиан Ассанж АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр өөрчлөлтөөр давж заалдаж, үг хэлэх эрх чөлөөг зөрчсөн гэх асуудлыг хөндөх боломжтой юм.
“Викиликс” сайтыг үүсгэн байгуулагчид нь өөрсдийгөө олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж нэрлэдэг. 1971 оноос хойш АНУ-ын Дээд шүүх Холбооны Засгийн газраас “Нью-Йорк таймс” сонины эсрэг шийдвэр гаргасны дараа АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Үндсэн хуулийн эрх хэмээн төрийн нууцад албан ёсоор хамаарах мэдээллийг саадгүй нэвтрүүлэх боломжтой болсон юм.
Харин “Викиликс”-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг нууц материал нийтэлсэн гэх асуудлаар өмнө нь буруутгаж байгаагүй. Тухайлбал, Обамагийн засаг захиргааны үеийн хуульчид “Викиликс”-ийг уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээс зарчмын хувьд юугаараа ялгаатайг шүүхэд нотлох боломжгүй гэж үзэж байлаа.
Швед улс 2010 оны наймдугаар сарын 20-нд Жулиан Ассанжийг бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгасан. Харин Жулиан Ассанж үүнийг зохиомол хэрэг гэж мэдэгддэг.
Энэ хэрэг нэг бус удаа хаагдаж, дахин сэргэсээр Жулиан Ассанж 2010 оны 12 дугаар сарын 1-нд Лондонд Шведийн засаг захиргааны хүсэлтээр баригдсан юм. Үүнээс дөрөв хоногийн дараа тэрбээр батлан даалтад гарч, Их Британид байх хугацаандаа шүүх хурлыг хүлээлгүйгээр Эквадорын Элчин сайдын яаманд орогносон.
Энд тэрбээр долоон жил орчим нуугдах хугацаанд Шведийн прокурорын газар Жулиан Ассанжийн эсрэг хэргийг хаасан. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд Эквадор улс Жулиан Ассанжийн орогнолын эрхийг цуцалснаар Их Британийн цагдаа нар түүнийг баривчилж, батлан даалтын нөхцөлийг зөрчсөн хэргээр саатуулсан юм. Их Британи улс энэ хугацаанд Эквадорын Ерөнхийлөгч Ленин Моренод Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэхгүй гэсэн бичгэн мэдэгдэл илгээжээ.
Тэгвэл Швед улсын мөрдөн шалгах байгууллагууд ч Жулиан Ассанжийн хүчингийн хэргийг дахин нээснээ зарласан байна.
Жулиан Ассанжийг 17 зүйл, заалтаар буруутгаж байна | ||
Үзсэн: 1303 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.