Шууд Chart

Дональд Трамп, Абэ Шинзо нар худалдааны болон Хойд Солонгосын асуудлыг хэлэлцэнэ

2019-05-27 10:33:17

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нар худалдааны болон Хойд Солонгосын асуудлаар хэлэлцэнэ. Хоёр улсын тэргүүн даваа гарагт 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтаа хийж, хоёр улсын худалдааны болон Хойд Солонгосын асуудлаар хэлэлцэнэ гэж Японы хэвлэлүүд мэдээлж байна. Мөн ирэх зургаадугаар сард болох "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтын талаар ярилцах товтой байгаа юм байна.

Худалдааны тухайд “Японы Ерөнхий сайд Абэ Шинзо хоёр талын худалдааны яриа хэлэлцээг хурдасгах сонирхлоо тохиролцож батлахаас цааш илүү зүйл хийхгүй байх магадлалтай. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японтой худалдааны алдагдлын тал дээр зөрүүгээ багасгах хүсэлтэй” гэж Японы хэвлэлүүд тайлбарлажээ.

Учир нь Дональд Трамп энэ талаар твиттерт “Японы талтай худалдааны гэрээ байгуулахын тулд энэ улсад үзүүлэх шахалтаа түр харзнана гэдгээ” ням гарагт бичсэн байна. Гэхдээ Японы талаас томоохон хэмжээний буулт хийж, өөрөө энэ тал дээр ялалт байгуулна гэж бодож байгаагаа ч дурджээ.

Тэгвэл Хойд Солонгосын тухайд, энэ сарын эхээр богино тусгалын баллистик пуужин хөөргөсөн Умардынхантай хэрхэн харилцах талаараа Японы Ерөнхий сайд Абэ Шинзо АНУ-ын Ерөнхийлөгчтэй хэлэлцэх байх гэсэн таамаг байна. Дональд Трамп энэ асуудлаар “Пуужин хөөргөсөн явдал нь надад саад хориг тавихгүй” гээд Умардын талаас АНУ-тай яриа хэлэлцээгээ сэргээхийн тулд илүү зүйл хийж байгаа гэж найдаж буйгаа баасан гарагт твиттерт бичжээ.

Японы талаас мөн "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв болох далай тэнгист пластик хог хаягдал хаяхыг багасгах, дэлхийн худалдааны байгууллагыг шинэчлэх замаар чөлөөт худалдааг дэмжих зэрэг асуудлаар Япон улстай хамтран ажиллахыг АНУ-ын Ерөнхийлөгчид уриална гэсэн мэдээлэл байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч бямба гарагаас эхлэн Япон улсад дөрвөн өдрийн төрийн айлчлал хийж байгаа. Тэрбээр ням гарагт Абэ Шинзотой гольф тоглож, сумо бөхийн сүүлийн барилдааныг үзэн, Магешира Асанояамад ялагчийн цом гардуулсан байна. Мөн Японы шинэ эзэн хаан Нарухитотой уулзаж, түүнтэй уулзалт хийсэн анхны гадаадын Төрийн тэргүүн боллоо. 

 

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп, Абэ Шинзо нар худалдааны болон Хойд Солонгосын асуудлыг хэлэлцэнэ   
Үзсэн: 739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй