
Японы Кавасаки хотод мягмар гарагт нэгэн этгээд сургуулийн сурагчид, томчууд руу халдлага үйлдэж, нэг хүүхэд, нэг том хүний аминд хүрчээ. Түүнчлэн 16 хүн шархадсаны олонх нь хүүхэд байна. Хотын цагдаагийн газрын мэдээлснээр халдлага үйлдсэн этгээд өөрийгөө шархдуулсны дараа ухаан оролгүй байсаар эмнэлэгт нас баржээ.
Энэ аймшигт хэрэг Токиогийн ойролцоо орших Кавасаки хотын нэгэн жижиг цэнгэлдэх хүрээлэнгийн автобусны буудал дээр гарсан юм. Хоёр хутгаар зэвсэглэсэн эр автобус хүлээн зогсох сурагчид, томчууд руу дайрсан байна. Энэ үеэр бага ангийн нэг охин, нэг том хүн амиа алдсан. Мөн зургаан настай гурван охин, 40 настай эмэгтэй хүнд шарх авч, одоо биеийн байдал нь маш хүнд байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд сайд Масахико Шибаяама боловсролын байгууллага, сургуулиудын маршрутын хамгаалалтыг сайжруулахаа амлалаа. Японы Засгийн газраас сургууль, сургууль хүртэлх замд сурагчдын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бүхнийг хийнэ гэж мэдэгдсэн байна.
Япон улсад айлчлал хийж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Йокосука баазын “Кага” нисдэг тэрэг тээвэрлэгч дээр үг хэлэх үеэрээ Кавасакид болсон энэ хэрэгт эмгэнэл илэрхийлсэн байна.
Одоогоор халдлага үйлдсэн шалтгааны талаарх мэдээлэл гараагүй байна. Халдлагад өртсөн хүүхдүүд нь орон нутгийн нэгэн хувийн сургуульд суралцдаг охид байжээ.
Хутгатай этгээд халдлага үйлджээ | ||
Үзсэн: 505 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.