
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Михаил Саакашвилийн Украины иргэншлийг сэргээх тухай зарлигт гарын үсэг зурлаа. Өмнөх Ерөнхийлөгч Петр Прошенко эхэндээ Саакашвилид иргэншил олгож байсан боловч удалгүй хураан авсан юм.
“Михаил Саакашвилийн Украины иргэншлийг хасах тухай Украины Ерөнхийлөгчийн 2017 оны долоодугаар сарын 26-ны өдрийн 196 тоот зарлигт өөрчлөлт оруулсугай” гэж Төрийн тэргүүний албан ёсны сайтад нийтэлсэн зарлигт тэмдэглэжээ.
Михаил Саакашвили ч энэ зарлигийн дараахан мэдэгдэл гаргасан юм. Тэрбээр “Ерөнхийлөгч Зеленскийд баярлалаа. Украины алдар бадартугай” гэж “Фэйсбүүк” хуудсандаа орос, украинаар бичсэн байна. Тэрбээр лхагва гарагт Украиндаа эргэн ирнэ гэдгээ амласан байна. “Би маргааш буцна. Украинаа, Киевээ маш их санаж байна. Киев рүү ниснэ” гэж мэдэгджээ.
Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили 2015 оны тавдугаар сард Украины иргэншилтэй болсон юм. Тухайн үедээ тэрбээр Одесса мужийн захирагчаар томилогдсон ч энэ албанд байх хугацаандаа Украины засаг захиргаатай сөргөлдөж, 2016 онд огцорсон юм. 2017 оны долоодугаар сард Ерөнхийлөгч Петр Прошенко Саакашвилийн Украины иргэншлийг хасах тухай зарлигт гарын үсэг зурсан байна.
Тухайн үед Саакашвили АНУ-д байжээ. Киевийн засаг захиргааг шүүмжилдэг тэрбээр иргэншлийг нь хассан явдлыг сөрөг хүчин болсон, эсэргүүцлийн арга хэмжээнд бэлтгэж байсантай холбон тайлбарладаг. Тэрбээр Прошенког ардчиллыг үгүй хийгч, засгийн эрхэнд удаан байхыг тэмцэгч гэж буруутгадаг байжээ.
Харин Цагаачлалын албанаас Саакашвилиг иргэншил авах үедээ хууран мэхлэх үйлдэл хийсэн гэж мэдэгддэг байжээ. Ингээд түүнийг 2021 он хүртэл Украины нутаг дэвсгэрт орж ирэхийг хориглоод байсан юм.
Михаил Саакашвилийн Украины иргэншлийг сэргээлээ | ||
Үзсэн: 568 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.