
Шинэ Зеландад хэдэн мянган багш бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байна. Тэд хөдөлмөрлөх нөхцлөө сайжруулах, цалингаа нэмүүлэхийг шаардан жагсаж байгаа юм.
Зөвхөн Оклендэд л гэхэд эсэргүүцлийн арга хэмжээнд 10 мянган орчим хүн оролцсон байна. Тэдэн дунд багш нараас гадна багш нарыг дэмжигчид олон байна. Энэ үйл ажиллагаанаас болж 1424 сургуулийн хичээл зогссон нь тус улсын нийт сургуулийн 60 орчим хувь нь гэсэн үг юм.
Ажил хаялтын нөлөөгөөр 773 мянга гаруй сурагч хичээлдээ явж чадахаа больж, эцэг, эхчүүд амралтаа авч хүүхдээ харах буюу ажилдаа дагуулж явахаас өөр аргагүй болжээ. Тиймээс амралтын зарим бүс, номын сан, усан бассейнууд хүүхдүүдэд зориулсан янз бүрийн үйл ажиллагаа явуулж байна.
2017 оны сүүлчээр засгийн эрхэнд Лейборист эвслийн Засгийн газар гарч ирснээс хойш багш нар цалингаа нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулах, мэргэжилд нь хүндэтгэлтэй хандахыг шаардан гурван ч удаа ажил хаялт зарлаж байгаа юм.
Эсэргүүцэгчид Засгийн газраас санал болгосон цалинг гурван хувиар нэмэгдүүлэх саналыг хүлээн аваагүй байна. Тэд цалинг дор хаяж 15 хувиар нэмсэн тохиолдолд хичээл эхэлнэ гэж мэдэгджээ. Харин Шинэ Зеландын Засгийн газарт ийм хэмжээгээр цалин нэмэгдүүлэх боломжгүй гэсэн байна.
Шинэ Зеландын Засгийн газар багш нарын хомсдлыг нөхөхийн тулд Их Британи, Австралиас багш нар авч ажиллуулж байна. Гэсэн ч зарим анги танхимуудад багш нарын хүрэлцээ муу хэвээр байгаагаас болж сургуулийн захирлууд хүртэл ангийн багшаар ажиллахаас өөр аргагүй болжээ.
Шинэ Зеландад багш нар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байна | ||
Үзсэн: 516 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.