Шууд Chart

Европын комиссын даргаар хэн томилогдох нь тодорхойгүй байна

2019-05-29 16:11:45

Европын холбооны гол албан тушаалд хэнийг томилох асуудлаар Франц, Герман улс санал зөрөлдөж байна. Тэд энэ албанд томилох хүнийг ирэх сард эцэслэн тохиролцохоор шийдлээ.

Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр болсон Евро парламентын сонгуулиар энэ бүсийн хууль тогтоох дээд байгууллагын төвийн баримжаатай улс төрийн хоёр гол хүчин дийлэнх олонхын байр сууриа алдаж, Ногоонтнууд, болон үндсэрхэг байр суурьтай нам, бүлгүүд өмнөхөөс олон төлөөлөлтэй болсон. Сонгуулийн энэ дүнгийн дараа мягмар гарагт Европын холбооны удирдлагууд уулзаж, холбооны Засгийн газрын үүрэгтэйгээр ажилладаг Европын комиссын даргаар хэнийг томилох тал дээр санал нийлээгүй байна.

Германы канцлер Ангела Меркель төв барууны төлөөлөл буюу Евро парламент дахь Европын ард түмний намын гишүүн, Германы улс төрч Манфред Веберийг комиссын шинэ Ерөнхийлөгчөөр томилох санал гаргасан бол, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нөлөө бүхий энэ суудалд ноён Веберийг нэрлэсэнгүй. Одоогоор Европын холбооны хууль дүрэм журмыг хэрэгжүүлдэг энэ гол албан үүргийг Жан Клод Юнкер гүйцэтгэж байгаа бөгөөд энэ жил сүүлийн буюу тав дахь жил нь тохиож байгаа юм.

Мягмар гарагт Брюссельд болсон хурлын өмнө Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ албан тушаалд томилохыг хүсэхгүй байгаа гурван хүний нэрийг дурдсан. Тэдний нэг нь Манфред Вебер байсныг "ВВС" мэдээлж байна.

Тэгвэл Манфред Веберээс өөр хэн Европын комиссын Ерөнхийлөгч болох вэ гэдэг асуулт хэвлэлүүдээр явж байна. "Брексит"-ийн яриа хэлэлцээнд оролцож буй Францын улстөрч Мишель Ворнер, Данийн либерал улстөрч Маргрет Вестэйжер, Нидерландын төв зүүний бүлгийн төлөөлөл Франс Тиммерманс зэрэг хэд хэдэн хүний нэр дараагийн комиссын даргаар яригдаж байна.

Европын холбооныхон бүсийн Засгийн газрын тэргүүнээр томилох хүний нэрийг ирэх сарын 20-21-нд болох хурал дээр тодорхой болгохоор тохиролцлоо гэж "Ройтерс" мэдээллээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Европын комиссын даргаар хэн томилогдох нь тодорхойгүй байна   
Үзсэн: 502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй