
Саудын Араб Катарыг Арабын улсуудын онц хуралд урьжээ. Энэ сарын 30-нд Саудын Арабын Мекка хотод болох Арабын улсуудын онц хурлуудад оролцох урилга хүлээн авснаа Катарын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.
Хурлаар саяхан Саудын Арабын газрын тосны сүлжээнд алсын удирдлагатай онгоцноос халдсан хэргийн уршгийн талаар хэлэлцэх юм байна. Ираны алан хядагчдыг дэмжсэн гэж 2017 оны зургаадугаар сард Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Бахрайн, Египет гэсэн дөрвөн улс Катарын эсрэг хориг тавьж, аливаа асуудлаас Дохаг шахах болсон.
Гэвч Катарын эмир шейх Тамим бин Хамад, Саудын хаан Салманаас Персийн булан дахь Арабын улсуудын болон Арабын улсуудын өргөтгөсөн хуралд оролцох урилга хүлээн авсан хэмээн Катарын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ. Урилгыг Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөл баталсан байна.
Саяхан Саудын газрын тосны сүлжээнд халдсан хэргийг Йемений Хуйти босогчид хүлээсэн ч, үүний цаана Иран буруутай гэж Риад үзэж байна. Тус улс бүс нутагт хямрал, дайн байлдаан болохыг хүсэхгүй ч, хатуу хариу барихад бэлэн гэдгээ илэрхийлсэн.
Харин Арабын Нэгдсэн Эмират “Персийн буланд үүссэн ноцтой нөхцөл байдал Арабын улсууд болон Персийн булангийнхан байр сууриа нэгтгэхийг шаардаж байна” гэж мэдэгдээд байгаа юм.
Катарыг Арабын улсуудын онц хуралд урьжээ | ||
Үзсэн: 588 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.