Шууд Chart

Израилын парламент түүхэндээ анх удаа давтан сонгууль явуулна

2019-05-30 09:48:27

Израил улсын парламент буюу Кнессет пүрэв гарагийн хуралдаанаараа парламентыг тараах хуулиа олонхийн саналаар баталж, түүхэндээ анх удаа парламентын давтан сонгуулийг явуулахаар товлолоо.

Давтан сонгууль ирэх есдүгээр сарын 17-нд болно гэж Израилын парламентын дарга Юлий Эдельштейн санал хураалтын дүнг танилцуулах үеэрээ мэдэгдлээ.

Парламентыг өөрөө тараах тухай хуулийг 74 гишүүн дэмжиж, 45 нь эсэргүүцсэн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд болсон сонгуулийн үр дүнгээр Засгийн газрын шинэ эвсэл бүрдүүлэх 42 хоногийн хугацаа тавдугаар сарын 29-ний шөнө дунд дууссан юм. Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Кнессетийн 65 суудлыг авсан барууны болон шашны намуудтай эвсэл бүрдүүлэх асуудлаар зөвшилцөж чадаагүй байна.

Энэ хугацаанд тус улсын Ерөнхийлөгч Реувен Ривлин өөр гишүүнд Засгийн газар бүрдүүлэх даалгавар өгч чадаагүй тул Бенжамин Нетаньяху Ерөнхий сайдын суудалд сууснаасаа хойш сарын дараа танхимыг тараах тухай хууль санаачлахаас өөр аргагүй болжээ.

Израилын төрийн “Кан” радиод мэдээлснээр Бенжамин Нетаньяху лхагва гарагийн орой “Бидний гэр-Израил” зэрэг хэд хэдэн намын дарга нартай уулзаж, эвсэл бүрдүүлэх тухай сүүлчийн саналаа тавьсан гэнэ. Гэвч тэдэнтэй зөвшилцөж чадаагүй тул парламентыг өөрийг нь тараахаас өөр аргагүй болжээ.

Ирэх есдүгээр сард парламентын давтан сонгууль болтол Бенжамин Нетаньяху Ерөнхий сайдын суудалдаа хэвээр үлдэнэ. Харин ирэх долоодугаар сард тэрбээр Ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан хүний дээд амжилтыг эвдэх юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Израилын парламент түүхэндээ анх удаа давтан сонгууль явуулна   
Үзсэн: 551 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй