Шууд Chart

IV цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн санхүүжилт шийдэгдлээ

2014-02-19 10:31:02

Монгол Улсын эрчим хүчний системийн үр ашгийг дээшлүүлэх, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг багасгах зорилго бүхий "Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх" төслийн зээлийн хэлэлцээрийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлалаа.

Энэхүү хэлэлцээрээр Засгийн газар 4 тэрбум 201 сая иенийг жилийн 0.3 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатайгаар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас авч, зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлэх төслийг 2017 оны наймдугаар сард багтаан дуусгаж, хүлээлгэн өгөхөөр тохиролцов.
 
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагад зээлийг нөөцлөн баталгаажуулсных нь төлөө Монгол Улсын Засгийн газар ямар нэг төлбөр төлөхгүй бөгөөд зээлийн хөрөнгөөр худалдан авах бараа, бүтээгдэхүүнүүд зөвхөн Япон улсынх бус бусад улсын бараа, бүтээгдэхүүн байж болохоор заасан байна.
 
 Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас авах зээлээр Улаанбаатар хотын хэрэглэгчдийн 70 хувийг эрчим хүчээр хангадаг Дулааны 4 дүгээр цахилгаан станцын техник, эд ангийг станцын үйл ажиллагааг зогсоохгүйгээр шинэчлэх юм.
 Энэ шинэчлэлийг хийснээр Дулааны 4 дүгээр цахилгаан станцын хэрэглэгчид болох иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээ сайжран цахилгаан, дулааны доголдол буурч, үйл ажиллагааны найдвартай байдал хангагдана.
 Мөн станцад техникийн шинэчлэл хийснээр байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг багасгаж агаарын бохирдлыг бууруулснаар Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчин сайжрах ач холбогдолтой юм.

IV цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн санхүүжилт шийдэгдлээ   
Үзсэн: 977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй