Шууд Chart

Дональд Трамп: Хууль бус цагаачлалын асуудал шийдэгдэхгүй бол гаалийн татвар нэмэгдсээр байна

2019-05-31 13:19:14

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексикээс хууль бусаар орж ирэх цагаачдын асуудал энэ хэвээр үргэлжилбэл зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Мексикээс ирэх бүх бараанд таван хувийн гаалийн татвар ногдуулна гэж зарлалаа.

Дональд Трамп энэ сарын 30-нд “Манай улсад орж ирэх хууль бус цагаачдын урсгал зогстол Мексикээс манай улс руу авчирч буй бүх бараа бүтээгдэхүүнд зургаадугаар сарын 10-наас эхлэн таван хувийн гаалийн татвар ногдуулна. Хууль бус цагаачлалын асуудал шийдэгдэхгүй бол гаалийн татвар нэмэгдсээр байх болно. Цагаан ордноос удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулах болно” гэж “твиттер” хуудсандаа бичжээ.

Энэ мэдэгдлээс өмнөхөн тэрбээр хэдэн мянган хууль бус цагаачийн видео бичлэгийг дэлгэсэн юм. Гаалийн татвар нь Мексиктэй хиллэдэг хэсэг дээр үүссэн хямралд авч байгаа хариу арга хэмжээ юм.

Хэрвээ Мексик улс цагаачлалын хямралыг шийдвэрлэх үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол гаалийн татварын хэмжээ 10 дугаар сарын 1-нийг хүртэл сар бүр таван хувиар өссөөр 25 хувьд хүрэх гэнэ. Ингээд Мексик улс газар нутгаасаа АНУ руу чиглэх хууль бус цагаачдын урсгалыг зогсоох хүртэл 25 хувийн гаалийн татвараа барина гэж Цагаан ордноос нийтэлсэн Дональд Трампын мэдэгдэлд дурдсан байна.

Тэгвэл Мексик улс гаалийн шинэ татварын эсрэг “шийдэмгий” хариу барих болно гэж мэдэгдлээ. Энэ тухай Мексикийн Гадаад хэргийн дэд сайд Хесус Сид “Хэрэв Дональд Трамп цагаачлалаас болж гаалийн татвар ногдуулж байвал сүртэй хэрэг юм. Тиймээс Мексик улс ч зургаадугаар сарын 10-ныг хүртэл гараа хумхиад суухгүй. Ийм зүйл болвол бид шийдэмгий хариу барих болно” гэсэн байна. Түүнчлэн тэрбээр Дональд Трампын гэнэтийн шийдвэрийг “хүйтэн сэтгэлээр хандсан үйлдэл” гэж нэрлэжээ.

Түүнчлэн Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор шинэ гаалийн татвартай холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор Гадаад хэргийн сайд тэргүүтэй төлөөлөгчдөө баасан гарагт АНУ-ыг зорино гэдгийг мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп: Хууль бус цагаачлалын асуудал шийдэгдэхгүй бол гаалийн татвар нэмэгдсээр байна   
Үзсэн: 602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй