
Канадаас авчирсан хог бүхий чингэлэгтэй хөлөг онгоц Филиппиний Субик боомтоос Ванкуверыг чиглэн хөдөллөө гэж “Си-Би-Си” суваг мэдээллээ. Хөлөг онгоц орон нутгийн цагаар баасан гарагийн өглөө тэнгист гарчээ.
Субик боомт нь Манила хотоос баруун хойш 100 орчим километрийн зайд оршдог. Энэ боомтоос ачсан хог хаягдалд Филиппин дэх Канадын Элчин сайдын яамны дипломатчид хяналт тавьсан байна.
Филиппин улс 2013 онд дахин боловсруулах хог хаягдал нэрээр Канадын хувийн компаниудаас ирүүлсэн 69 чингэлэг дахин боловсруулагддаггүй хог хаягдлаас болж Канад улстай маргаан дэгдээсэн юм. Ингээд энэ сарын 16-ны өдөр Канадын талыг хогоо буцааж авахгүй байна гэх шалтгаанаар Канад дахь Элчин сайд, консулуудаа татжээ.
Филиппин улс Оттавад тавдугаар сарын 15-наас өмнө хогоо эргүүлэн авах шаардлага хүргүүлсэн ч энэ шаардлагыг биелүүлээгүй гэж Филиппиний Гадаад хэргийн яамнаас тэмдэглэсэн байна. Харин Канадын Гадаад хэргийн яам Манилагийн шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлж, Филиппинээс хогтой чингэлгүүдээ татаж авна гэж амлажээ.
Канадын Хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Кэтрин Маккена энэ сарын 22-ны өдөр мэдэгдэхдээ Оттава тээврийн компани хөлслөн авч, зургаадугаар сарын сүүлчээс өмнө Филиппинээс хогоо эргүүлэн татна гэсэн байна. Гэвч Манила энэ шийдвэрийг эсэргүүцэж, Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте 69 чингэлэг хогийг Канад руу явуулах усан тээврийн компани хөлслөх шийдвэр гаргасан байна. Оттава ч тээврийн зардлыг нь төлөхөө зөвшөөрчээ.
Хог бүхий чингэлэгтэй хөлөг онгоц Ванкуверыг чиглэн хөдөлжээ | ||
Үзсэн: 445 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.