Шууд Chart

Дональд Трамп Их Британи улсад төрийн айлчлал хийнэ

2019-06-03 11:43:22

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 3-6-ны өдрүүдэд Их Британи улсад төрийн айлчлал хийх гэж байна. Түүнийг Лондон хотод Хатан хааны гэр бүл, Ерөнхий сайд Тереза Мэйгээс гадна олон мянган эсэргүүцэгч хүлээж байна. 

Хатан хаан II Элизабетын урилгаар тэргүүн хатагтай Меланья Трампын хамт хийж буй энэ айлчлалын хүрээнд Букингемийн ордонд Британийн Хатан хаан, түүний гэр бүлтэй уулзах баярын ёслолын ажиллагаа болно гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгч мэдэгдсэн байна. Энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нар Вестминстерийн сүмд очиж, нэр нь үл мэдэгдэх цэргийн бунханд цэцэг өргөнө. Үдэш Хатан хаантай хамт оройн зоог барихаар төлөвлөжээ.

Их Британи, АНУ-ын хэвлэлүүдэд бичсэнээр Ерөнхийлөгч Дональд Трамп Хатан хаантай уулзах үеэрээ гэргий Меланьягаас гадна насанд хүрсэн бүх хүүхдээ эхнэр, нөхрийнх нь хамт дагуулан явах аж. Дональд Трампын гэр бүл Хатан хаан II Элизабетаас гадна хунтайж Чарльз болон гэргий Камилла, Корнуоллын гүнгийн ахайтан, хунтайж Уильям болон гэргий Кейт, түүнчлэн хунтайж Харри нартай уулзана.

Хунтайж Харригийн гэргий, Сассексийн гүнгийн ахайтан Меганы хувьд саяхан нярайлсан болохоор хүлээн авалтад оролцохгүй гэж ордны сэтгүүлчид мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны долоодугаар сард Их Британи улсад ирж байсан. Гэвч энэ нь өөр түвшний айлчлал байсан юм. Их Британийн олон иргэн, тэр дундаа нэр бүхий улстөрчид Дональд Трампыг энэ улсад хүрэлцэн ирсэнд дургүйцэж байлаа.

Өнгөрсөн жил Лондон хотод Дональд Трампыг эсэргүүцсэн жагсаалд 250 мянга хүн оролцсон гэж зохион байгуулагчид мэдэгддэг. Энэ удаад “Зогс Трамп” эвслийнхэн Трафальгарын талбайд цугларах зар тарааж байгаа юм. “ЮүГөв” социологийн компаниас айлчлалын өмнөхөн явуулсан санал асуулгаар Дональд Трампын айлчлалыг лондончуудын 54 хувь нь эсэргүүцэж, 24 хувь нь дэмжсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп Их Британи улсад төрийн айлчлал хийнэ   
Үзсэн: 985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй