
Жирэмсний хүндрэлээс болж өдөр бүр дэлхий дээр 800 гаруй эмэгтэй нас барж байна гэж ЮНИСЕФ мэдээллээ. Жирэмсэн эмэгтэйн эрүүл мэнд муу, амьдралын чанар сайнгүй байснаас ийм хүндрэл гарч байгааг НҮБ-ын Хүүхдийн сан анхаарууллаа.
Даваа гарагт тус агентлагаас гаргасан мэдээллээр, жирэмсний болон төрөлтийн хүндрэлээс болж нас барсан охид, бүсгүйчүүдийн тоо 1990-ээд оныхоос 40 гаруй хувиар буурсан байна. Гэвч өдөрт 800, жилд 300 мянга орчим эмэгтэй ийм байдлаар өөд болж байна.
Нас баралтын гол шалтгаан нь хумхаа, ДОХ, цусны даралт ихсэхтэй холбоотой цус алдалт гэх мэт өвчлөлүүд байдгийг дурджээ. Энэ талаар ЮНИСЕФ “Насанд хүрээгүй хүүхэд гэрлэх нь түгээмэл байдаг Сахарын цөл дэх Африкийн улсуудад нөхцөл байдал ноцтой байна” гэж мэдээлсэн байна. Мөн өсвөр насны охид жирэмсэлж өөрсдийгөө маш том эрсдэлд оруулсаар байгааг ч анхааруулжээ.
“Охид насанд хүрэлгүй жирэмсэлж олон хүүхэд халамжлах шаардлагатай болсноор гэр бүлийнх нь санхүүгийн ачаалал нэмэгдэж, амьдралд тохиох олон сайхан боломжоо алддаг” гэсэн байна.
Тиймээс дэлхийн улс орнуудын төр засаг эрүүл мэндийн тогтолцоондоо хөрөнгө оруулалт хийх, өсвөр насны охидыг, мөн тэдний гэр бүлийг хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Хенрита Форе “Бид хамгийн ядуу, эмзэг бүлгийн хүмүүст чанартай тусламж үзүүлж чадахгүй байна” гэж ярьж байна.
ЮНИСЕФ: Жирэмсний хүндрэлээс болж өдөр бүр 800 гаруй эмэгтэй нас барж байна | ||
Үзсэн: 799 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.