
Дэлхийн банк энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг бууруулж тогтоолоо. Тэд улс орнуудын худалдааны өсөлт санхүүгийн хямралаас хойших хамгийн доод түвшинд хүрч, хөрөнгө оруулалт буурч байгааг анхаарууллаа.
Тус банк өнгөрсөн онд дэлхийн эдийн засаг 2019 онд гурван хувиар өснө гэж тооцоолж байсан бол энэ оны эхээр 2.9 хувь болгож бууруулсан. Тэгвэл энэ долоо хоногт дахин бууруулж 2.6 хувь болголоо. Харин ирэх онд бага зэрэг сэргэж, 2.7 хувьтай байхаар тооцоолсон байна. Хөгжиж байгаа зах зээлд бизнесийн итгэл суларч, дэлхийн худалдаа удааширч, хөрөнгө оруулалт саарч байгааг Дэлхийн банкны Ерөнхийлөгч Дэвид Малпасс онцлон анхаарууллаа.
АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан, хөгжиж байгаа зах зээлийн санхүүгийн байдал, хөгжингүй орнуудын, тэр дундаа Европын орнуудын эмзэг байдал зэрэг нь эдийн засгийн өсөлтийг сааруулах, хойш татах эрсдэл гэж тэд үзэж байна. Дэлхийн банк мөн энэ удаагийнхаа “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв” тайланд бодлогын тодорхойгүй байдал, гол үүрэгтэй улс орнуудын худалдааны харилцаа хурцдаж байгаагаас хөрөнгө оруулалт буурч, бизнесийн итгэл суларч байгааг мэдэгджээ.
Тус банк АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны бодлого, арга хэмжээ нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө хэмээн таамаглажбайна. .
Дональд Трамп Мексикийн цагаачдын тоог бууруулахын тулд ирэх долоо хоногоос Мексикийн импортын бараа, бүтээгдэхүүнд тариф ногдуулахаар болсноо мэдэгдсэн. Үүнээс үүдэн Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах магадлалтай гэж зарим эдийн засагчид таамаглаж байна.
Дэлхийн банк энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг бууруулж тогтоолоо | ||
Үзсэн: 786 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.