
Чехийн нийслэл Праг хотын Вацлавын төв талбайд мягмар гарагт 100 гаруй мянган хүн Ерөнхий сайд Андрей Бабишийг огцрохыг шаардан эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Иргэд Бабишийг Европын холбооноос олгосон тэтгэмжийг хууль бусаар ашигласан, ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж үзэж байгаа юм.
Эсэргүүцлийн арга хэмжээнд 120 мянга гаруй хүн оролцсон гэж зохион байгуулагчид мэдэгдсэн байна. Энэ мэдээллийг албан ёсны байгууллагууд ч баталж байна. Энэ удаагийн арга хэмжээ 1989 онд Чехэд гарсан “хилэн хувьсгал”-ын эсэргүүцлийн үйл ажиллагаанаас хойших хамгийн том жагсаал цуглаан болж байгаа юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Чехийн Цагдаагийн газар Ерөнхий сайд Андрей Бабишийг Европын холбооны тэтгэмжтэй холбоотой луйврын асуудлаар тайлбар хийхийг шаардсан юм. Харин Бабиш үүнийг эрс үгүйсгэж, энэ дуулианаас болж Чехийн Хууль зүйн сайд огцрох өргөдлөө өгсөн байна.
Гэтэл өнгөрсөн баасан гарагт хэвлэлээр Бабишийн тухай Европын комиссын баримтын ноорог хувилбар цацагджээ. Энэ баримтад Чехийн Ерөнхий сайдыг тэтгэмж хэлбэрээр авсан 17.5 сая еврог Европын холбоонд эргүүлэн өгөхийг шаардсан юм.
Чехийн хоёр дахь баян хүнд тооцогддог Бабиш “Агроферт” холдингоо 2017 онд засгийн эрхэнд гарахаасаа өмнө хөвгүүддээ шилжүүлсэн гэдэг ч Европын комиссоос түүнийг энэ группээсээ одоо ч ашгаа хүртдэг хэвээр гэж дүгнэжээ.
Харин иргэд Бабиштай холбоотой компанийг Европын холбооноос хоёр сая еврогийн тэтгэмж авсан гэж үзэж байна. Ингээд тэд Бабиш болон Хууль зүйн шинэ сайд Мария Бенешоваг огцрохыг шаарджээ.
Андрей Бабишийг огцрохыг шаардан эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа | ||
Үзсэн: 585 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.