
Тайландын цэргийн дарга асан, генерал, түр Ерөнхий сайд Праюут Чан Оча албан ёсоор Ерөнхий сайд боллоо. Өчигдөр болсон санал хураалтаар парламентын гишүүд нь түүнийг Засгийн газрын тэргүүнээр сонгосон байна. Парламентад гуравдугаарт жагссан цэргийн дэглэмийг эсэргүүцэгч “Шинэ ирээдүй” намаас намын дарга Танаторн Жуанрунруанкитыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн ч, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байгаа Прают Чан Оча 70 хувийн санал авчээ.
Ингэснээр Тайландын шинэ Засгийн газар энэ сараас үйл ажиллагаагаа эхэлж, цэргийн эргэлт хийж, таван жил ийм дэглэмтэй байсан энэ улс иргэний засаглалтай болж байна гэж хэвлэлүүд бичиж байна. Гэхдээ л цэргийн үүрэгтнүүд Тайландын улс төрд чухал нөлөө үзүүлсэн хэвээр байхаар байгаа юм.
Учир нь өнгөрөгч гуравдугаар сард болсон парламентын доод танхимын сонгуульд хүчээр суудлаасаа буусан Ерөнхий сайд асан Таксин Шинаватрагийн үүсгэн байгуулсан “Пью Тай” буюу “Тайландчуудын төлөө” нам хамгийн олон суудал авсан ч, цэргийн дэглэмийг дэмжигч “Палан Прачарат” нам хоёрдугаарт жагссан.
Нөгөө талаас парламентын дээд танхимын 250 гишүүнийг цэргийн үүрэгтнүүд өөрсдөө сонгосон хүмүүс байгаа юм. Лхагва гарагт Ерөнхий сайдыг сонгох санал хураалтыг хоёр танхимд явуулж байж шийдсэнээр Прают Ча Оча 70 хувийн дэмжлэг авсан юм.
“Гэвч тэрбээр цаашид ч Засгийн газраа удирдах тал дээр сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Учир нь эрх баригч эвсэл 19 намаас бүрдэж байгаагаас гадна парламентын доод танхимд хамгийн олон суудал авч чадаагүй” гэж ажиглагчид сануулж байна.
Тайландын Ерөнхий сайдаар Праюут Чан Оча сонгогджээ | ||
Үзсэн: 783 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.