
БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр ОХУ-д төрийн айлчлалаа эхлүүлсэн. Айлчлалын үеэр Орос, Хятадын хамтын ажиллагаа урьд өмнө нь байгаагүй түвшинд хүрч, хоёр улсын олон улсын тавцан дахь байр суурь ойролцоо буюу бүрэн давхцах болсныг Оросын Төрийн тэргүүн Владимир Путин, Хятадын дарга Ши Жиньпин нар тэмдэглэсэн байна.
Кремльд болсон уулзалтын үр дүнд хоёр улсын төрийн тэргүүн дэлхийн стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан байна. Дундын болон ойрын тусгалтай пуужинг устгах гэрээг дахин сэргээх шаардлагатай болсон. Энэ гэрээг зөрчих санаачилгыг АНУ гаргасан гэж энэ мэдэгдэлд тэмдэглэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын Төрийн тэргүүний төрийн айлчлалыг энэ онд хоёр улсын харилцаанд гарсан чухал үйл явдал гээд ОХУ, БНХАУ-ын харилцаа сүүлийн жилүүдэд өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүрсэн гэсэн байна.
Харин Хятадын дарга Ши Жиньпин Хятад-Оросын харилцааны 70 жилийн хугацаанд олон шалгуур, дэлхий дахины болон хоёр улсын дотоод өөрчлөлт гарсан ч хамтдаа ард түмнийхээ өмнө өгсөн шалгалтуудаа амжилттай давсан гэжээ.
Өчигдөр Орос-Хятадын талууд хэлэлцээрийн хүрээнд 20 гаруй гэрээ, санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн Хятадын дарга айлчлалынхаа үеэр Москвагийн амьтны хүрээлэнд эр, эм хоёр хулсны баавгай шилжүүлжээ. Үүний дараа хоёр улсын Төрийн тэргүүн Орос-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баярын тоглолтыг Большой театрт үзсэн байна.
Хятадын даргын ОХУ-д хийж байгаа айлчлал Санкт-Петербургт үргэлжилнэ. Энд тэрбээр Петербургийн олон улсын эдийн засгийн форумд зочноор оролцож, Санкт-Петербургийн улсын их сургуулийн хүндэт докторын диплом авна. Ши Жиньпиний айлчлал энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх юм.
Хятадын дарга Ши Жиньпин ОХУ-д айлчилж байна | ||
Үзсэн: 809 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.