
Олон улсын валютын сангаас өмнө нь анхааруулж байсанчлан олон улсын худалдааны маргаантай холбоотой эрсдлүүд бодит амьдралд биелж эхэлжээ. Энэ тухай Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард лхагва гарагт Вашингтонд "Америкийн бизнес эрхлэлтийн хүрээлэн"-д үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.
Тэрбээр “Хоёр сарын өмнө бид эдийн засгийн гол хөдөлгүүр болох худалдааны асуудалд болгоомжтой байхыг анхааруулж байсан. Худалдааг сааруулж байгаа гаалийн болон гаалийн бус татварын саад нь үнэндээ эдийн засгийн өсөлтийг ч хазаарлаж байна. Харамсалтай нь эдгээр эрсдлийн зарим нь бодит амьдралд биелж эхэлсэн нь ажиглагдаж байна” гэж мэдэгджээ.
Худалдааны маргаан одоо ч үргэлжилсээр байгаа нь эдийн засгийн өсөлтийн хэмнэлийг удаашруулж болзошгүй гэж тэрбээр тэмдэглэжээ. Олон улсын валютын сан өнгөрсөн дөрөвдүгээр сард хагас жилийн хугацаанд гурав дахь удаагаа эдийн засгийн өсөлтийн хэмнэлийн үнэлгээг 2007-2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн доод түвшинд болгон бууруулсан юм.
Энэ сан АНХ-БНХАУ-ын худалдааны хэлэлцээр амжилтгүй болох эрсдлээс болж ийм шийдвэр гаргаснаа зарласан юм. Олон улсын валютын сангийн үнэлгээгээр 2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3.3 хувьтай байна гэж Кристин Лагард тэмдэглэсэн байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлт 2019 оны хоёрдугаар хагаст хурдасна гэж энэ сан таамаглаж байлаа. Гэхдээ АНУ, БНХАУ хоёр талын гаалийн татвараа нэмэгдүүлэхгүй гэсэн таамаглалд энэ үнэлгээг гаргасан юм.
Олон улсын валютын сангаас лхагва гарагт гаргасан нийтлэлд АНУ, БНХАУ-ын худалдааны дайн 2020 онд дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 0.5 хувиар буурахад нөлөөлж, 455 тэрбум ам.долларын алдагдал авчирна гэж Кристин Лагард мэдэгдсэн байна.
Кристин Лагард: Олон улсын худалдааны маргаантай холбоотой эрсдлүүд бодит амьдралд биелж эхэллээ | ||
Үзсэн: 504 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.