
Японы парламентын доод танхим Курилын өмнөд хэсгийг цэрэг дайны хүчээр булаан авах санал гаргасан гишүүн Ходака Маруяамагийн асуудлыг пүрэв гарагийн бүгд хуралдаанаараа хэлэлцэх тогтоолыг дэмжлээ. Энэ тогтоолын дагуу гишүүнийг сайн дураараа огцорч, суудлаа өгөхийг шаардана гэж “Киодо” агентлаг мэдээллээ.
Тогтоолыг Японы эрх баригч болон сөрөг хүчний намынхан бүгд дэмжжээ. Япон улсын парламентын түүхэнд анх удаа ийм асуудлыг хэлэлцэх тогтоол гарсан гэдгийг хэвлэлүүдэд онцолж байна. Баримтын дагуу гишүүн Ходака Маруяамаг хүчээр огцруулахгүй, огцрох шийдвэрээ гишүүн өөрөө гаргах ёстой.
Харин Ходака Маруяамагийн хувьд суудлаа өгөхөөс эрс татгалзаж байгаа юм. Тэрбээр арлыг эзлэн авахын тулд дайн байлдаан хийхийг уриалаагүй. Зөвхөн энэ асуудлыг хэлэлцэх санал л гаргасан гэжээ. Энэ нь Япон улсын Үндсэн хуулиар заасан дайнаас татгалзах заалтыг зөрчсөн үйлдэл биш гэж тэрбээр үзсэн байна.
Японы парламентын доод танхимын гишүүн Ходака Маруяама нь өнгөрсөн тавдугаар сарын 11-нд Курилын өмнөд хэсэгт амьдарч байсан иргэдтэй Күнашир аралд харилцан визгүйгээр зочлох бүрэлдэхүүнд явсан юм.
Оройн хоолны дараахан тэрбээр энэ газар нутгийг Оросоос цэрэг дайны замаар эзлэн авах тухай саналаа төлөөлөгчдөд хэлжээ. Энэ үгийг хэлэх үеэрээ тэрбээр бага зэрэг согтолтын байдалд байсан гэнэ.
ОХУ, Япон улс дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд энхийн гэрээ байгуулаагүй. Ийм гэрээ байгуулахад энэ хоёр улсын хооронд Курилын арлуудын өмнөд хэсгийн өмчлөлийн маргаан саад болдог байна. Дайн дууссаны дараа энэ бүлэг арал Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орсон гэдэг ч Япон улс энэ дөрвөн арлын эзэмшлээр маргаан үүсгэдэг байна.
Ходака Маруяамагийн асуудлыг бүгд хуралдаанаараа хэлэлцэх тогтоолыг дэмжжээ | ||
Үзсэн: 600 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.